Цахим худалдааны аварга загас гэгдэх Алибаба компанийг үндэслэгч, захирал Жек Ма ирэх долоо хоногт компанийн үйл хэргээсээ гарч, тэтгэвэрт гарч буйгаа албан ёсоор зарлалаа. Хятадын бизнесийн соёлыг өөрчилж, 420 тэрбум ам.доллароор хэмжигдэх томоохон худалдааны платформ байгуулсан тэрээр компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцолгүй, бүх суудлаасаа татгалзаж, сайн санааны үйл хийх сонирхолтой байгаагаа мэдэгджээ.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө англи хэлний багш Жек Ма бүх худалдаачдыг нэгэн дор нэгтгэсэн Алибаба компанийн үндэс суурийг тавьж, технологийн бизнест хөл тавьсан юм. Одоогоор компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хэзээ болох нь тодорхойгүй байна. Өмнө нь 2013 онд гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа гэнэт татгалзаж, зөвхөн ТУЗ-н дарга болсон түүнийг Даниел Жанг гэгч орлож байсан юм. Жек Ма 2014 онд өөрийн нэртэй сан байгуулж орон нутгийн Хятад иргэдэд боловсрол олгох, тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.
Алибаба компанийн энэ жилийн орлого 60 хувиар өсч 250 тэрбум юань буюу 40 тэрбум ам.долларын ашиг олоод байна. Зөвхөн цахим худалдаагаар зогсохгүй цахим банк, төлбөр тооцооны үйлчилгээг Зүүн өмнөд Азид нэвтрүүлэх бодлого баримталж буй аж. Хэдийгээр гаднын зарим хэвлэлүүд Ши Зиньпинийн бодлого, интернет бизнесийн салбарыг хатуу хянах бодлоготой тааралгүй тэтгэвэрт гарч байгаа гэж мэдээлсэн ч одоогоор юунаас болж тэтгэвэрт гарч байгаа нь тодорхойгүй байна.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )