Дэлхийн банк Монголын уул уурхайн салбарт дэмжлэг үзүүлэхээр 25 сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох болсон.Зээлийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Геверс нар өчигдөр гарын үсэг зурав. Монголын уул уурхайн салбарыг хөгжүүлэх, уул уурхайг дэмжсэн дэд бүтцийн томоохон төслүүдийг хөгжүүлэхэд дээрх хөрөнгийг зарцуулах юм байна. Тухайлбал, уул уурхайн салбарт хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий байгууллагуудаар хийлгэх зардлыг санхүүжүүлэх ажээ. Мөн Монголын өмнөд нутгийн усны нөөцийн удирдлагыг бэхжүүлэхэд чиглэх гэнэ. "Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл"-ийг ийнхүү Монголын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийг ирэх долоодугаар сараас шуурхай хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна. Зээлийг 20 жилийн хугацаатай олгож байгаа аж. Эхний арван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх ба сүүлийн 10 жилд нь зээлийн 60 хувийг нь Засгийн газар төлж, 40 хувийг нь Дэлхийн банкнаас гаргах гэнэ. Харин зээлийн шимтгэлд жил бүр зээлийн үнийн дүнгийн 0,75 хувьтай тэнцэх мөнгө төлөх ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )