Эдийн засгийн форумын дэргэдэх Сэргээгдэх эрчим хүчний чуулга уулзалт эхэллээ. Энэ чуулга уулзалтаар сэргээгдэх эрчим хүчийг Парисын гэрээтэй уялдуулах, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалтай уялдуулах, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ерөнхий сэдвийн дор болох юм.
Чуулга уулзалтад дэлхийд сэргээгдэх эрчим хүчээр тэргүүлэгч 10 томоохон компани болон иргэний нийгмийн төлөөлөл, төрийн бус байгууллага, олон улсын хамтын ажиллагааны байгууллага, технологийн томоохон корпорацуудын 750 гаруй төлөөлөгч оролцож байгаа ажээ.
Хурлын эхний өдөр буюу өнөөдөр “Ардчиллын хөгжил сэргээгдэх эрчим хүчнээс шалтгаалах нь”, “2020 он хүртэл хүрээлэн буй орчинд үр ашиг үзүүлэх төсөл хөтөлбөр” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх бол маргааш “Сэргээгдэх эрчим хүчний санхүүгийн үр өгөөж”, “Цагаачлал, дүрвэгсдийн хүчийг сэргээгдэх эрчим хүчний салбарт ашиглах нь”, “Сэргээгдэх эрчим хүчний салбар аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын цөм болох нь” сэдвээр хэлэлцэх юм.
Монгол улсын тухайд Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, БНХАУ-ын Ардын банк, КОЙКА, ЖАЙКА байгууллагуудын дэмжлэгтэй 10 гаруй удаагийн сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлсэн байдаг. Эдгээр нь зөвхөн тухайн орон нутгийн хэмжээнд хэргэжсэн байдаг юм. Монгол Улсын Засгийн газар бодлогын төвшинд “Эгийн голын УЦС”, “Тайширын УЦС”, “Сайншанд салхин парк” зэрэг гарын тавын хуруунд багтахаар сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй билээ. Ойрын жилүүдэд Канад, Франц, Их Британи, Скандинавын орнууд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )