Америкийн хувцас загварын Michael Kors компани Италийн загварын алдарт Versace брэндийг хоёр тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцжээ. Компанийн удирдлагууд жил гаруй хугацаанд хэлэлцсэний эцэст дээрх шийдвэрт хүрсэн байна.
Тансаг зэрэглэлийн болон энгийн хэрэглээний гэх хоёр ангиллаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Michael Kors компани Tapestry компанитай өрсөлдөхийн тулд алдартай брэндийг худалдаж авахаар болжээ. Өрсөлдөгч компани нь өнгөрсөн жил Louis Vuitton-той хамтарч ажиллахаар тохиролцоод байсан юм. Michael Kors компани өнгөрсөн жил Jimmy Choo брэндийг 1.2 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьж байсан билээ.
Италийн алдарт загвар зохион бүтээгч Жианни Версачи болон түүний гэр бүлийнхэн 1972 онд хувцас загварын копмани нээхээр болж, 1978 онд алдарт Versace компаниар бүртгүүлж, худалдаанд гарч байсан юм. Versace брэндийн хөрөнгө өнгөрсөн жил 669 сая еврогоор хэмжигдэж байжээ. Хэдийгээр борлуулалтын орлого тогтмол байсан ч компанийн удирдлага, урсгал зардал нэмэгдсэнээс шалтгаалан гурван жил дараалан санхүүгийн хүндрэлтэй байсан билээ. Брэнд худалдагдахаас өмнө буюу 2017 онд ердөө 15 сая еврогийн орлого олсон нь сүүлийн хоёр жилийн дунджаас 7.9 сая еврогоор унасан үзүүлэлт байжээ.
Италийн алдартай брэндийг худалдаж авсны дараа Michael Kors компанийн хувьцаа бирж дээр 8.7 хувиар унасан нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Италийн хэвлэлүүд компани зөвхөн мөнгө бодож загварын нэр төрөө америк худалдаачинд алдлаа гэж шүүмжилж буй ажээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )