Байгальд амьдрах нь чинээлэг бус хүмүүст илүү ашигтай

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Том хотууд амьдрахад эрүүл мэндийн хувьд тийм ч тааламжтай бус газар гэж хүмүүс итгэдэг. Харин шинжлэх ухааны судалгаа энэ талаар юу өгүүлэв.

Эрүүл агаарт, тэр дундаа уулс, далайн дэргэд амьдрахад аз жаргалтай болдоггүй юм гэхэд эрүүл болно гэж та итгэж, үүнийг аль хэдийн шинжлэх ухаан баталсан гэж бодож байна уу?

Харин сонирхолтой нь шинжлэх ухааны судалгаанаас үзвэл, эрүүл мэндэд хамгийн тааламжтай амьдрах газар дэлхий дээр цөөхөн аж. Эрдэмтэд энэ тал дээр хэдий чинээ нарийвчилсан судалгаа хийнэ, төдий чинээ хамгийн эрүүл орчин бидний бие махбодод үзүүлдэг сөрөг болон эерэг нөлөөллийн талаарх нарийн зүйлсийг нээсээр.

Их Британийн Эксетерийн их сургуулийн судлаач эрдэмтдийн багийн үзэж буйгаар, агаарын чанар зэргээс гадна хүний амьдралын нөхцөл, хэв маяг, өнгөрсөн амьдрал, удамшил зэрэг үй олон хүчин зүйлс хүрээлэн буй орчин бидэнд үзүүлдэг  нөлөөг тодорхойлдог байна.

Хотын оршин суугчдад агаарын бохирдол, шуугиан багатай цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо амьдрах нь мэдээж хэрэг сайн. Байгальд өнгөрүүлсэн цаг хугацаанд стресс тайлагдаж, цусны даралт буурч, зүрхний цохилт багасдаг байна. Үүнээс гадна бидний бие организм дархлааны системийн гол эс болох лимфоцитыг ихээхэн хэмжээгээр ялгаруулдаг. Байгаль яагаад ийм үйлчилгээ үзүүлдгийг эрдэмтэд тогтоож чадаагүй байгаа ч хэд хэдэн таамаг дэвшүүлж байна.


Зарим тохиолдолд бохирдол ихтэй хүрээлэн буй орчин хотынхоос ч ноцтой аж. Байгаль орчин стресстэй хотын амьдрал дундах тайвшрал олох баян бүрд мэт нөлөө үзүүлдэг гэсэн онол давамгайлдаг. Хувьслын үүднээс авч үзвэл, хүн төрөлхтний амьд үлдэх нэгэн гол эх үүсвэр нь байгальд хэмээн бид үздэг. Гэхдээ энэ нь хотын оршин суугчид бүх юмаа хаяад хөдөө, орон нутаг руу нүүх ёстой гэсэн үг биш.

АНУ-ын томоохон хотуудын оршин суугчид астм, харшил, депресст ордог ч таргалах, амиа хорлох, золгүй тохиолдлоор нас барах нь ховор аж. Судалгаанаас үзвэл, хотын оршин суугчид хөдөө, орон нутгийн иргэдийг бодвол илүү урт насалдаг байна. Хөдөө, орон нутагт хэдийгээр агаарын бохирдол, гэмт хэрэг, стресс бага байдаг ч халдварт өвчин тээгч хорхой, шавьж таны амьдралд ноцтой аюул учруулах боломжтой. Мөн хотоос гаднах орчны бохирдол хотынхоос ч илүү ноцтой байх тохиолдол бий. Тухайлбал, 2015 онд Энэтхэг улсад энэ шалтгаанаар 1.1 сая хүн нас барсан бөгөөд 75 хувь нь хөдөө, орон нутагт оршин суудаг иргэд байжээ. Индонез улсад гэхэд ой модыг тайрч, шатаах явдал нь хорт утааны гол шалтгаан болдог бөгөөд хэдэн сар агаарт тогтох утаа нь хөрш Сингапур, Малайз, Тайланд зэрэг улсад ч нөлөөлдөг.


Ойн түймэр зөвхөн хөгжиж буй улсад тохиолддоггүй. АНУ-ын баруун хэсэгт байнга шахуу гардаг ойн түймэр агаарын чанарын хувьд гамшиг болж байна. Европ, Хятад, Орос зэрэг орнуудад хөдөө аж ахуйд өргөнөөр хэрэглэгддэг бордоо агаарыг ихээхэн бохирдуулж байна.

Харин уулархаг бүсийн цэвэр агаарын тухайд? Өндөрлөг газар агаарын бохирдлын төвшин үнэхээр бага байдаг. Гэвч, өндөрлөг газар өөр бусад асуудлыг дагуулдаг. Далайн төвшнөөс дээш 2500 м өндөрт амьдардаг хүмүүс зүрх судас, хорт хавдраар нас барах нь ховор ч, уушгины архаг өвчин, бронхит өвчин тусах нь элбэг. Энэ нь өндөрт автомашины хөдөлгүүр бага хүчин чадлаар ажилладаг бөгөөд нүүрс ус төрөгч, нүүрс төрөгчийн дан ислийг ихээхэн хэмжээгээр ялгаруулдагтай холбоотой. Уулархаг газрын нарны цацраг туяатай холилдсон хорт хий эрүүд мэндэд ноцтой үр дагавартай. Тиймээс далайн төвшнөөс дээш 1500-2500 м хооронд амьдрах нь эрүүл мэндэд ашигтай.

Усны дэргэд амьдрах нь харин ямар бол? Усанд ойрхон амьдардаг британичууд уснаас хол амьдардаг нутаг нэгтнүүдийгээ бодвол илүү эрүүл байдаг аж. Энэ нь эрэг дээр дасгал хөдөлгөөн хийх, Д витамин ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг давуу талуудтай шууд холбоотой. Сэтгэл зүйн хувьд ч давуу талууд бий. 2016 онд Шинэ Зеландын Веллингтон хотноо явуулсан судалгаагаар далай уруу харсан цонх бүхий байшинд амьдардаг энэхүү хотын оршин суугчид стресс багатай болох нь тогтоогджээ. Хөх орон зай стрессийн индексийг бууруулдаг аж.


Гэвч хүн болгонд далай, усны дэргэд амьдрах боломж байхгүй. Тиймээс эрдэмтэд хиймэл нуур, жижиг цөөрөм зэргийг нөхөн сэргээх асуудалд анхаарлаа хандуулж, судалгаагаа чиглүүлж байна.

Эрүүл мэндийн хувьд далайн эрэг дээр амьдрах, нуур эсвэл голын дэргэд амьдрахын ялгааг тайлахаар ажиллаж байна. Харин эрдэмтэд агаар, усны чанар, агаарын температур, түрлэг, нуурын эргээр зүгээр л алхах нь биднийг өөрчилдөг гэдэгт бат итгэлтэй байна. Цаг агаар болон нарны гэрлээс өөр олон  сая чухал хүчин зүйлс хүнд нөлөөлдөг нь мэдээж. Сонирхолтой нь, АНУ-ын Вермонт, Миннесот муж, Дани зэрэг нартай өдөр багатай газар амьдардаг хүмүүс нарлаг газрынхныг бодвол арьсны хорт хавдраар өвчлөх нь элбэг аж. Учир нь бүрхэг газрын оршин суугчдад өөрсдийгөө нарнаас хамгаалах зуршил байдаггүй.

Ногоон эсвэл хөх орон зайн дэргэд амьдрах нь баян чинээлэг бус хүмүүст илүү ашигтай. Учир нь баян чинээлэг хүмүүс өөрийн эрүүл мэндийн төлөө санаа илүү тавьж, далайн эрэг, уулархаг газруудад амралтаа өнгөрөөж, ахуйтай холбоотой асуудлаар стресст орох нь бага. Тиймээс цэцэрлэгт хүрээлэнг хөгжүүлэх нь хүн амын эмзэг бүлгийн хүмүүст хэрэгтэй.

Байгалиас илүү хүний эрүүл мэндэд ажил хөдөлмөр, гэр бүл зэрэг чухал асуудлууд илүү хүчтэй нөлөө үзүүлдэг. Хүрээлэн буй орчин ямар байхаас үл хамааран гэр оронтой байх нь эрүүл агаартай, үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр хоног төөрүүлснээс илүү дээр.

Гэсэн хэдий ч Сидней, Веллингтон зэрэг далайд ойрхон, цэвэрхэн хотод амьдрах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй шүү дээ.


Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top