АРХАНГАЙ: Эмэгтэйчүүдэд гэр бүлийн хүчирхийллийн тухай эрхзүйн мэдлэг олгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

   Орон нутгийн эмэгтэйчүүдэд гэр бүлийн хүчирхийллийн тухай эрхзүйн мэдлэг олгож, тэднээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд болон хүүхдэд туслах зорилготой төсөл Архангай аймаг, Нийслэлийн Сонгинохайран дүүрэгт хэрэгжиж эхэллээ. “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо” нэртэй дээрх төслийн хүрээнд сайн дурын 30 эрхзүйн хөтчийг бэлтгэх хоёр өдрийн сургалтыг зохион байгуулав. Эдгээр хөтөч нар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх замаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, дараагийн шатны байгууллагад холбон зуучлах, зөвлөгөө өгөх зэргээр эрхээ хамгаалахад нь туслах юм.

Төсөл 2019 оны 7-р сар хүртэл нэг жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд төслийн дунд үед энэхүү төслийн үйл ажиллагааг цаашид хэрхэн тогтвортой авч явах, сумдад хэрхэн хүрч ажиллах, бэлтгэгдсэн эрхзүйн хөтөч нарын аюулгүй ажиллах байдлыг яаж хангаж ажиллах талаар орон нутгийн холбогдох удирдлагуудтай уулзалт зохион байгуулах юм. “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо” төслийг Нээлттэй нийгэм форум ивээн тэтгэж, “Хөөрхөн зүрх” ТББ, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Гэмт хэргээс урьчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top