Б.Дэлэгдорж агсны нэрэмжит ”Мэргэжлийн бүжигчдийн уралдаан” боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

    Монголын бүжгийн урлагийн нэрт мастер, Төв халхын нэрт бүжиг дэглээч, МУСТА Б.Дэлэгдоржийн нэрэмжит "Мэргэжлийн бүжигчдийн анхдугаар уралдаан" боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын жүжигчин Д.Ухнаа, Б.Дэлэгдорж агсаны хань үр хүүхдүүд болон аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын зөвлөх М.Мөнхбат, НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, ХДТ-ын дарга Б.Пүрэвдагва болон мэргэжлийн уран бүтээлчид, Сономын Лувсанвандангийн нэрэмжит Хөгжим драмын театртай ажил амьдралаараа салшгүй холбоотой үе үеийн уран бүтээлч нар оролцлоо. Тус 12 сая төгрөгийн шагналын сантай мэргэжлийн бүжигчдийн анхдугаар уралдаанд Улаанбаатар хот, Өвөрхангай, Сэлэнгэ болон Баянхонгор аймгийн мэргэжлийн уран бүтээлчид оролцож хамтлаг бүжгийн төрлөөр хоёр өдрийн турш авьяас чадвараараа өрсөлдсөн юм.

ХХ зууны Монголын бүжгийн урлагийн нэрт төлөөлөгч, Төв халхын нэрт бүжиг дэглээч, МУСТА Балжирын Дэлэгдорж агсаны бүжгийн урлагт оруулсан хувь нэмэр, гавьяа үнэлэмжийг тоочоод дурдаад баршгүйг нээлтийн үеэр МУУГЗ, Ардын жижигчин Д.Ухнаа гуай онцлон тэмдэглэж байлаа. Түүний хань Ц.Хоролдулам гуай ханийнхаа тухайд халуун дулаан дурсамжаа хуваалцаж театрын уран бүтээлчдийн халуун алга ташилтан дунд сэтгэл зүрх нь хөөр бахдлаар халгиж байх шиг санагдав. Тэрээр ханийнхаа нэрэмжит энэхүү улсын уралдааныг үзэж сонирхохоор үр хүүхдүүдийнхээ хамтаар Улаанбаатар хотоос төрөлх нутагтаа саатан морилоод байгаа нь энэ юм. Балжирын Дэлэгдорж агсан хэдий Дундговь аймагт төрж өссөн ч Баянхонгор аймгийн ХДТ-тай амьдарлынхаа 30 жилийг салшгүй холбож уран бүтээлийн эрхэм олз омог, хамаг сайн сайхан бүхнээ энэ театрын тайзнаа мөнхөлж үлдээсэн эрхэм агаад эгэл даруу хүн байжээ. Тэрээр Төв халхын донж маягийг илтгэж шингээсэн 800 гаруй бүжгийг өөрөө дэглэж, Монголын урлагийн ертөнцөд 1500 гаруй шавь нарыг бэлтгэн өгсөн үнэмлэхүй их гавьяатай хүн юм.

   Нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн ХДТ-т олон жил үр бүтээлтэй ажилласан, залуу халуун нас, авьяас чадвараа урлагт чин сэтгэлээсээ зориулсан Д.Дарьсүрэн гуайд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон олгосныг аймгийн Засаг дарга Г.Батжаргал хүндэтгэлтэйгээр гардууллаа. Ахмад үеийнхээ уран бүтээлчийн нөр их хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж буй энэ агшинд аймгийн ХДТ-ын залуу уран бүтээлч Д.Даваасамбуу, Ж.Содбаяр нар МУСТА цол тэмдгээр энгэрээ мялааж, БСУШУСЯ-ны жуух бичгээр бүжигчин Г.Буяннэмэх, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүний залуу эмэгтэй медалиар бүжигчин Т.Энхтуяа нар шагнагдсан нь шинэ үеийн залуу уран бүтээлчдийнхээ урам зоригийг хөглөсөн үйл явдал болов.

Эх сурвалж: bayankhongor.gov.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top