Монголын бүжгийн урлагийн нэрт мастер, Төв халхын нэрт бүжиг дэглээч, МУСТА Б.Дэлэгдоржийн нэрэмжит “МЭРГЭЖЛИЙН БҮЖИГЧДИЙН” анхдугаар уралдаан энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Баянхонгор аймагт амжилттай болж өндөрлөв.
Уралдаанд Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын мэргэжлийн театр, урлагийн байгууллага, цагдаагийн “Сүлд”, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын бүжигчид оролцлоо.
Тэмцээний шүүгчээр Ардын жүжигчин Д.Ухнаа, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн уран сайхны удирдагч, ахлах багш М.Мөнгөнцэцэг тэргүүтэй мэргэжлийн чадварлаг баг ажиллажээ.
Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, жил бүрийн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд соёл урлагийн салбарыг хөгжүүлэх, мэргэжлийн байгууллагын үнэлэмжийг нэмэгдүүлэх ажил, арга хэмжээ туссан байдаг. Үүний нэг илрэл нь 12 сая төгрөгийн шагналын сантай мэргэжлийн бүжигчдийн анхдугаар уралдаан юм. Энэхүү уралдаанаар дамжуулан Баянхонгор аймгийн ХДТ-ын бүжигчдийн түвшинг тогтоох, чадварыг нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Баянхонгор аймаг 2016 оноос хойш зохион байгуулж буй дөрөв дэх удаагийн улсын чанартай уралдаан аж.
Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний нийлбэр дүн гарахад тусгай байрыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Мөнгөн хараа" дуу, бүжгийн чуулгын эмэгтэй бүжигчид, Өвөрхангай аймгийн ХДТ-ын бүжигчид эзэлж 500 мянган төгрөгөөр шаглуулжээ. Гуравдугаар байрыг мөн "Мөнгөн хараа" дуу бүжгийн чуулга эзлэж нэг сая төгрөгөөр шагнуулав. Хоёрдугаар байрыг "Түмэн Эх" чуулга эзэлж, хоёр сая төгрөг, нэгдүгээр байрт Баянхонгор аймгийн ХДТ-ын бүжигчид шалгарч, гурван сая төгрөгөөр шагнуулсан бол уралдааны Гранприг цагдаагийн "Сүлд" чуулгын бүжигчид хүртэж, таван сая төгрөгөөр шагнууллаа.
Энэхүү уралдаанд Б.Дэлэгдорж агсаны хань үр хүүхдүүд биечлэн оролцов. Балжирын Дэлэгдорж агсан хэдий Дундговь аймагт төрж өссөн ч Баянхонгор аймгийн ХДТ-тай амьдарлынхаа 30 жилийг холбож тус театрын тайзнаа өөрийн мөрөө тод үлдээсэн уран бүтээлч байжээ. Тэрээр Төв халхын донж мягийг илтгэж шингээсэн 800 гаруй бүжгийг өөрөө дэглэж, Монголын урлагийн ертөнцөд 1500 гаруй шавь нарыг бэлтгэжээ.
bayankhongor.gov.mn
Сэтгэгдэл ( 0 )