БНХАУ-ын ГХЯ-ны Шюэ Жянь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр (2018.11.13) Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын улс төрийн газрын зөвлөлдөх уулзалтад оролцож буй хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жянь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Уулзалтын үеэр дэд захирал Шюэ Жянь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн мэндчилгээг уламжлаад, ирэх онд хэрэгжүүлэх хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар танилцуулж, Ван И сайдын Монгол Улсад хийсэн айлчлалаар хоёр талын хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгох, тодорхой төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлаар ажиллаж байгаагаа мэдээлэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэн өнгөрүүлэх тухай саналыг дэмжээд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг урагш ахиулах чиглэлээр санаачилгатай ажиллаж байгааг сайшаав.

Түүнчлэн хоёр талын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монголын экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн таатай нөхцөл үзүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэснийг хятадын талаас анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top