Дэлхийн хамгийн том далайн боомтын нэг, худалдааны төв хэмээгддэг Шанхай хотод арваннэгдүгээр сарын 5-10-ны хооронд “Олон улсын импортын үзэсгэлэн” амжилттай зохион байгуулагдлаа. “China international import expo 2018” нэртэй тус арга хэмжээг БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулсан юм.
Тус үзэсгэлэнд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс тэргүүн бизнесмэнүүд ирсэн бөгөөд арга хэмжээг нээж БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин үг хэлсэн нь маш том цар хүрээтэй үйл ажиллагаа болсныг илтгэж байв. Энэ жил Хятад улс нээлттэй бодлого баримталж эхэлсний 40 жилийн ой тохиож буйг тэрбээр онцлон тэмдэглээд, Хятад улс нээлттэй цуврал бодлогоо цаашид баримтлах болно. “Олон улсын импортын үзэсгэлэн” бол тэдгээрийн нэгээхэн хэсэг юм” хэмээн хэлсэн.
Энэхүү үзэсгэлэнд 172 орон, бүс нутгаас ирсэн 3600 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, уулзалт зохион байгуулан хамтран ажиллах гэрээ зурсан нь онцлог байв. Харин Монгол улсаас шилдэг 24 компани оролцсон бөгөөд үндэсний гэр урлал, тавилга үйлдвэрлэгч “Хаадын гэр”-ийн бүтээлүүд үзэсгэлэнгийн гол хэсэгт байршиж, үндэсний өв соёлын онцлог, Хүннүгийн үеийн үүх түүхийг гадны олон орны хүмүүст таниуллаа. Тэдний чадварлаг хамт олны ур ухаан, сэтгэл зүтгэл шингэсэн бүтээлүүд гадны орнуудын зочид төлөөлөгчдийн харцыг эрхгүй булааж байсан юм.
“Олон улсын импортын үзэсгэлэн”-д оролцсон компанийн бүтээгдэхүүнүүд Шанхайн үзэсгэлэнгийн танхимд бүтэн жилийн турш байрших бөгөөд тус төвийг зорин очсон хэрэглэгчид бүтээгдэхүүнийг худалдаж авахаас гадна олноор захиалга өгөх боломж нээгдсэн байна.
Арга хэмжээ зохион байгуулагдсан Шанхай хотын “Үндэсний үзэсгэлэнгийн танхим” нь нийт 1.500.000м2 талбайг эзэлдэг, одоогийн байдлаар дэлхийд хамгийн томд тооцогдож буй цогц байгууламж юм. Энэхүү аварга байгууламжид улс орнуудын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлага, хөрөнгө оруулагчид цуглаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесийн шинэ түншлэлтэй болох, дэлхийн хамгийн том зах зээлтэй улсад бараа бүтээгдэхүүнээ импортлох маш том боломжийг олгосон арга хэмжээ байлаа.
Сэтгэгдэл ( 0 )