Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2013 оны 9 дүгээр сарын 16-18-нд болсон Ази, номхон далайн Хүн ам ба хөгжлийн зургаадугаар бага хурлын Сайд нарын тунхаглалын дунд хугацааны хэрэгжилтийг үнэлэх тайлангийн хурал 2018 оны 11 дүгээр сарын 26-28-нд Бангкок хотноо болж өнгөрөв. Сайд нарын тунхаглалд зааснаар бүс нутгийн орнууд хүн ам ба хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд нөхөн үржихүйн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ, хүний эрх, гадаад шилжих хөдөлгөөн, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлт, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг зорьж байгаа билээ.
Хүн ам ба хөгжлийн зургаадугаар бага хурлын Сайд нарын тунхаглалын 2014-2018 оны хэрэгжилтийг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулан авч үзэж, цаашид анхаарах гол чиглэлүүдийг тодорхойлох, 2019 оны 4 дүгээр сард Нью-Йорк хотноо болох Хүн амын хөгжлийн комиссын 52 дугаар чуулганаар хэлэлцэх Олон улсын хүн ам ба хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийн 25 жилийн ойн глобал үнэлгээнд зориулсан Ази, Номхон далайн бүсийн илтгэлийг бэлтгэх зорилго бүхий уг хуралд Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Т.Төгсбилгүүн үг хэлж, энэ чиглэлээр манай улсын олсон амжилт, тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар танилцуулав.
Элчин сайд Т.Төгсбилгүүн үгийнхээ эхэнд Монгол Улсын Засгийн газар 2013-2017 онд Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Сайд нарын тунхаглал, даян дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, хүн амын хөгжлийн асуудлууд, түүний дотор хүн амын өсөлт, бүтэц, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, жендэр, хүн амын бүлгүүдийн асуудал, статистик мэдээллийг өргөжүүлэх зэрэг чиглэлээр томоохон арга хэмжээнүүд хэрэгжүүлж, бодитой ахиц гаргаж чадсаныг онцлон тэмдэглэв. Тухайлбал, 2016 онд баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын хэрэгжилтийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, Хүн амын хөгжил, эрүүл мэндийн талаарх төрийн бодлого, төлөвлөгөө, удирдамж гэх мэт урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичигт тусган хэрэгжүүлж, хүн амын нийгэм эдийн засгийн нөхцлийг сайжруулах зорилгоор системтэй арга хэмжээ авч байгаа тухай мэдээлэв.
Дээрх ахиц дэвшлийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтууд, хүн амын хөгжлийг хангахын тулд Монгол Улс цаашид ихээхэн ажлыг хийж гүйцэтгэх хэрэгтэй байгааг тэрээр хэлсэн үгэндээ дурдав. Үүнд залуучуудын оролцоо, эрх мэдлийг нэмэгдүүлэх, амьдрах ухааны ур чадвар олгох, бэлгийн боловсролыг цогцоор нь олгох, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс ангид байлгах, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр дорвитой үйл ажиллагаа хэрэгжүүлэх, нийгмийн үйлчилгээг тэгш хүртээхийн тулд орлогын түвшин, газар зүйн байршил, настай хамааралтай тэгш бус байдлыг багасгах шаардлагатай байна гэв.
Ази, номхон далайн Хүн ам ба хөгжлийн зургаадугаар бага хурлын Сайн нарын тунхаглалын дунд хугацааны хэрэгжилтийг үнэлэх тайлангийн хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Жендэрийн Үндэсний хороо, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд болон сургалт судалгаа, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Хүн ам ба хөгжлийн асуудлаарх түншлэлийг бүс нутгийн хэмжээний түншлэлийг хөгжүүлэх зорилготой Ази, Номхон далайн хүн амын бага хурлыг арван жил тутам зохион байгуулдаг бөгөөд анхны бага хурал нь 1963 онд Шинэ Дели хотноо болсон бол дараачийн хурлууд нь Токио (1972), Коломбо (1982), Бали (1992), Бангкок (2002, 2013) хотод тус тус болжээ. Мөн хугацаанд 1994 онд Кайр хотноо Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурал болж Үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан нь эл асуудлаарх дэлхий нийтийн хүчин чармайлтад шинэ агуулга, эрч хүчийг нэмсэн түүхэн баримт бичиг болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )