Оросууд Асгат руу дахиад дайрлаа, ер нь аль алиндаа ашигтай наймаа хийвэл яасан юм бэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 27


Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийх айлчлал эхлэх гэж байна. Айлчлалаас хүсч, хүлээж буй үр дүн их. Хамгийн наад зах нь шатахуун нийлүүлэлтийг сайжруулах боломжийн талаар Оросууд юу хэлэх бол гэж монгол хүн бүр чих тавьж сууна. Мөн бизнесийн хүрээнд олон чухал зүйл шийдэх байх гэж найдаж байгаа. Оросууд ч ураны салбарт хамтран ажиллах талаараа дахиад ярилцах байх. Үүний зэрэгцээ Асгатын орд газрын тухай огт ам нээлгүй өнгөрнө гэж үгүй. 2006 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр айлчлалынхаа үеэр Оросын “Полиметал” компани, Орос-Монголын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн хооронд гэрээ байгуулан Асгатын ордыг хамтран эзэмшихээр болсон юм. Ингээд “Асгат-Полиметал” гэдэг компани байгуулж байлаа. “Полиметал”-ынхан Улаанбаатарт төвхнөж, ажлаа ч эхэлсэн байв. Гэвч удалгүй УИХ-аас “Асгат”-ыг өгөхгүй гээд гэрээг цуцлуулсан. Дараа нь С.Баярын Засгийн газрын үед бас Асгатын ордыг Оросуудад өгөх талаар ярьцгааж л байлаа. Харин одоо Оросын тал Асгатыг стратегийн орд газрынхаа жагсаалтаас гаргаад өгөөч гэж  хүсч байна. Монголросцветмет нэгдлийн мэдэлд Асгатын лиценз байсан боловч дээрх гэрээний үеэр Оросуудад өгчихсөн. Тэд гэрээг цуцалсаны дараа барьцаа болгож аваад “дарчихсан” байгаа. Энэ талаархи хэрүүл маргаан манай дотоодод олон жил өрнөсөн төдийгүй Оросын талаас сүүлийн үед хүч түрж эхлэх шижтэй боллоо. Ерөнхийлөгчийн айлчиллын өмнөхөн оросууд ирж, уг ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах цаг болсныг сануулав. Саяхан болж өнгөрсөн “Совет”-ийн хурлын уур амьсгал үүнийг тод харууллаа. Оросууд  шатахууныхаа үнийг нэмж, экспортоо хязгаарласан нь Асгатын талаархи дараагийн дайралтын бэлтгэл байж болох юм. Өнгөрсөн оны сүүлээр Баян-Өлгий, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Асгатын лицензийг Оросуудаас буцааж аваад оронд нь төсвөөсөө хоёр сая ам. долларыг нь өгье, тэгээд олон улсын тендер зарлая гэсэн санал тавьж байв. Мөн УИХ-ын ажлын хэсэг Асгатад очиж судлаад бодлого боловсруулах юм болцгоосон. Гэвч Оросуудын хувьд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх гэж юу байхав. Одоо тэд барьцаа чангалахыг бодож байна. Ер нь “Полиметал”-ын захирал Сулейман Керимов бол Оросын томоохон тэрбумтнуудын нэг юм. Дагестан гаралтай энэ эр Путины нэлээд ойрын хүн. Бас газрын тос, нүүрс, алт, зэсийн орд газруудыг эзэмшдэг акулуудынхаа гол төлөөлөгч төдийгүй ОХУ-ын Холбооны дээд зөвлөлийн гишүүн. Монголчуудыг бол зажлалгүй залгиж чадна. Ноднин билүү дээ, Английн нэгэн компаний хувьцааг дарамталж байгаад авчихсан гэдэг. Оросын хэвлэлүүд нэг хэсэг шуугицгаасан даа. Тэр Асгатын ордоос ашгаа нэмэгдүүлэхийг хүсч байна. Ингэхдээ Оросын төрийн томчуудаар “мотордуулж” хөдлөх нь гарцаагүй. Манайхны шатахуунаа авдаг Роснефтийг ч давхар чангалж байж мэднэ. Улс хоорондын том арилжаанд иймэрхүү юм болж л байдаг хойно доо. Тэгээд ч С.Керимовын эргэн тойронд Оросын мафийн том сүлжээ ажиллаж байгаа биз. Хүчтэй сайн ажиллаж чаддаг мафиудаараа дамжуулан хөрөнгө босгодог япончуудын аргыг тэд сайн мэднэ. Энэ нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх тохиолдол цөөнгүй.

Асгатын орд нь Монголын баруун хойд хилийн зурваст оршдог, ОХУ-ын Горный-Алтай муж, Тува улстай хиллэдэг тул хойд хөршөөс өөр хүмүүс ашиглах боломж муутай болов уу. Эргэн тойрондоо уулсаар хүрээлэгдсэн, зам харуй нь тун эвгүй. Оросын талаасаа орж ажиллахад арай дээр байх. Нөөцийн хувьд аль хэдийнээ тогтоочихсон. 6 402 6 мянган тонн хүдрийн нөөцтэй. Хүдэр дэх мөнгөний агуулга нь 351,08 г/т бөгөөд металлын нөөц дэх мөнгө нь 2 247,8 тонн юм. Хүдрийг далд аргаар авч ашилана. За, тэгээд зам тавих гэх мэт дэд бутцийн олон асуудлыг энд шийдэх боломжтой. Нийт хөрөнгө оруулалт нь 47,4 сая ам.доллар юм. Төслийн үр дүнгээр 198 сая ам.доллар олох тооцоо бий. Ийм орд дээр бид Оросуудтай аль хэдийнээс зөв горимоор тохиролцоод ажиллаж болох л байсан. Даанч ашиг сонирхлын зөрчил гэгч хүлээснээсээ манай эрхмүүд мултарч чадахгүй байсаар өдий хүрсэн. Дээр нь шалихгүй байж худлаа эх оронч царай гарган хэл ам хийж, нэг нь нөгөөдөө гох дэгээ тавин яг л өнөөх тамын тогооныхоо зовлон дундуур туучиж иржээ.
Ер нь улс гүрэн дамнасан порпорациудтай  манайх шиг жижиг улс өвөрмөц тактикаар өөртөө ч, өрөөлд ч ашигтай гэрээ байгуулан ажиллаж болно шүү дээ. Аль юмнаас айж алгын чинээ болж явахав. С.Херимовын хөлд суух арга олдоно. Түүнтэй хожоотой наймаа ярьж чадахгүй юм бол Чингисийн Монгол гэж цээж сөхөх хэрэггүй биз. Харамсалтай нь монголын улс төр, бизнесийнхэн дэндүү явцуу хандлага гаргаж, эх орондоо унац бага, өөрсөддөө илүү хожоо олох зам хөөгөөд байгаа. Одоо болимоор юм. Явцуураад л, гэдсэндээ хөлөө жийлцээд л байвал бид бусдын идэш болоод дуусна.Одоо Ерөнхийлөгч маань үүнд цэг хатгах байлгүй дээ. Ерөнхий сайд Сү.Батболд ч ухаан сийлэх биз.
Оросуудын нефть боловруулах үйлдвэрийн технологиос суралцах, шатахуун нийлүүлэх тал дээр хөнгөлөлт, туслалцаа авахад ч аль алиндаа ашигтайгаар шийдсэн Асгатын гэрээ аминд орж болох юм шүү. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид, Асгатаа ашигтай гэрээлэх талаар санаа тавиарай. Ээ дээ, хичээгээрэй. Оросуудаас өөр найдвартай түнш олдохгүй байх шүү гэж хэлмээр байна.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaamn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top