Японы эзэн хаан 85 нас хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 23

Ирэх жил хаан ширээнээсээ буух Японы эзэн хаан Акихито өнөөдөр /2018.12.23/ 85 насны ойгоо тэмдэглэж байна.

“Хэйсэй эрин үед /Акихито эзэн хааны эрин үе/ Япон улс дайнаас ангид байсан нь надад сэтгэлийн амар амгаланг олгож байна”, гэж Японы эзэн хаан төрсөн өдрөө тохиолдуулан ард түмэндээ хандаж үг хэлэхдээ онцлов.

Эзэн хаан Акихито Дэлхийн хоёрдугаар дайны үед үлэмж их хүн амь үрэгдсэнийг санаж явах учиртай гээд  дайны дараах Японы улсын хөгжил цэцэглэлт Японы ард түмний ихээхэн золиос, нөр их хөдөлмөрийн үр дүн юм гэв. Дайны дараа төрсөн дараагийн үед энэхүү бодит түүхийг дамжуулах ёстой юм гэж тэрбээр нэмж хэллээ.

Эзэн хаан Хирохито 1989 онд нас барсны дараа түүний хүү, одоогийн эзэн хаан Акихито 55 настайдаа хаан ширээнд залгамжлан суужээ.  Тэрбээр Хятад улсад айлчилсан /1992 онд/, Дэлхий хоёрдугаар дайны үеийн ширүүн тулаанууд болж байсан Окинава аралд зочилсон Японы анхны эзэн хаан юм.

Акихитогийн том хүү, ханхүү Нарухито Японы дараагийн эзэн хаанд өргөмжлөгдөнө.

Японы эзэн хааны удам өнөөгийн хаадын хамгийн ууган нь юм. Одоогийн эзэн хаан энэхүү удмын 125 дахь залгамжлагч нь юм. Домогт өгүүлснээр, Японы эзэн хаад Аматэрасу нарны бурхны үр удам гэж үздэг. Нарны бурхны ач хүү болох эзэн хаан Зимму М.Э.Ө. 660 онд хаанчилж байжээ. Японы эзэн хааны тухай анх М.Э. V  зууны түүхэн эх сурвалжид дурдсан байдаг байна.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top