Индонез: Цунамид амь үрэгдсэн иргэдийн тоо 281 болж өслөө

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24

Бямба гарагийн орой /2018.12.22/ Индонезийн Пандегланг, Серанг, Өмнөд Лампунг тойргуудад цунами болсны улмаас дор хаяж 62 хүн амиа алдаж, 582 хүн гэмтэж бэртээд байгаа талаар Zindaa.mn сайт өчигдөр /2018.12.23/ мэдээлж байсан билээ. Тэгвэл ням гарагийн орой гэхэд энэ тоо 281 хүрч, гэмтэж бэртсэн хүний тоо 1000 давж, 57 хүн сураггүй алга болоод байна.

Индонезийн гамшгийн үндэсний агентлагийн мэдэгдэж буйгаар, энэ тоо цаашид өсөх магадлалтай гэв. Учир нь байгалийн гамшигт өртсөн бүх хүнийг аварч чадаагүй байгаа бөгөөд эмнэлгүүд холбогдох бүрэн мэдээлэл ирүүлээгүй байна.

Цунамид гадаадын иргэд өртөөгүй гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Танжунг-Лесунг хотод тоглолт хийж байсан Индонезийн “Seventeen” поп хамтлаг цунамид өртсөн талаар албаныхан мэдэгдсэн. Далайн эрэг дээрх тайз руу цунами орж ирж байгаа дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байгаа бөгөөд орон нутгийн хэвлэлд бичсэнээр, тус хамтлагийн басс гитарчин Бани, менежер Оки Вижая амиа алдаж, Энди, Нерман, Ужанг нар сураггүй алга болоод байна.

Цаг уур, геологийн агентлагийн мэдээлснээр, Бямба гарагт /2018.12.22/ орон нутгийн цагаар 21.03 цагт Анак Кракатау галт уул дэлбэрсний улмаас хөрсний гулгалт үүссэн нь цунамийг бий болгожээ.

Анак Кракатау нь 1927 онд гарч ирсэн арал бөгөөд үүнээс хойш газар нутгийн хэмжээ нь улам бүр тэлсээр байгаа аж. Анак Кракатау галт уул нь Индонезийн идэвхтэй 129 галт уулын нэг юм.


Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top