Индонезийн Анак Кракатау галт уул дэлбэрсний улмаас үүсэн цунамид амиа алдсан иргэдийн тоо 429-т хүрч, сураггүй алга болсон хүмүүсийн тоо 154 болж нэмэгдлээ гэж Киодо агентлаг мэдээлжээ. Энэ оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр болсон гамшигт Суматра болон Ява арлуудын эрэг орчмын хотууд өртсөн юм.
Анак Кракатау галт уул дэлбэрч, далайн гүнд хөрсний гулгалт үүсгэсэн нь “алуурчин” давалгааг бий болгосон гэж үзэж байна.
Индонезийн байгалийн гамшигтай тэмцэх агентлагийн мэдээлснээр, гамшгийн улмаас 1459 хүн бэртэв. Түүнчлэн, цунамид 882 байшин, 73 зочид буудал, 60 ресторан, 429 завь өртөж, 16082 хүнийг нүүлгэж шилжүүлээд байна.
Дахин цунами үүсэх аюул байгаа тул эрэг орчмын суурин газруудын оршин суугчдыг эргээс хол байхыг зөвлөж байгаа гэнэ. Анак Кракатау галт уул өнгөрсөн ням гарагт /2018.12.23/ дахин дэлбэрч, ихээхэн хэмжээний үнс нурам цацагджээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )