УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2019.01.07/ ээлжит хуралдаанаараа Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс ирүүлсэн УИХ-ыг нэн даруй тарааж, ээлжит бус сонгуулийг зарлан явуулах тогтоолыг санаачлах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлэн ажиллах нь зүйтэй гэж шийджээ. Гаргасан шийдвэрийнхээ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийсэн юм.
Д.Эрдэнэбат: МАН төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй болсон байна
МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон ч өнөөдөр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй болжээ гэж дүгнэж буйгаа бүлгийн дарга онцоллоо. Тэрбээр "УИХ энэ урт хугацаанд хуралдахгүй, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй байгаа шалтгаан нь УИХ, Засгийн газар хоорондын зөрчлөөс болсон. Өнөөдөр хэлэлцэгдэхгүй гацаж байгаа хууль бүхэн Үндсэн хууль болон түүнийг дагалдан гарсан хуулиудыг олон удаа дараалан зөрчиж байгаа нь нотлогдсоор байна.
Эрх баригчдын хагарлын гол шалтгаан нь УИХ-ын сонгуульд оролцохдоо эрх баригчдын гаргаж байсан "60 тэрбум"-ын схем болон түүнээс үүсэн олон хууль зөрчсөн үр дагавруудтай шууд холбогдож байгаа. Тиймээс бид МАН-ын дотоодын бүлэглэл хоорондын зөрчлийг зохицуулах ямар ч боломжгүй болсон. Төрийн алба бүрэн дампуурч, авлигалыг зохион байгуулалттай хэлбэрт шат шатанд оруулж, төрийн сангуудаас зохион байгуулалттайгаар хулгай хийх үүд хаалгыг нээсэн. Хамгийн нэгийн жишээ нь ЖДҮХС-ийн мөнгийг зохион байгуулалттайгаар хулгайлсан асуудалд Засгийн газар оролцсон. 60 тэрбумын эхлэлийг нь МАН-ын удирдлагууд нь өөрсдөө тавьсан.
Үлдэж байгаа 1.6 жилийн хугацаанд эрх баригчид ямар ч ажил явуулж чадахгүй нь тодорхой болсон
Үлдэж байгаа 1.6 жилийн хугацаанд эрх баригчид ямар ч ажил явуулж чадахгүй нь тодорхой болсон. Ард түмний төрд итгэх итгэл бүрэн мөсөн унтарсан. Энэ үед өрсөлдөгч бүлэглэлүүдийн хоорондын талцлыг нэн даруй зогсоохгүй бол нийгмийн бухимдлыг өдөөж, ард түмнийг талцуулан хуваах нь Монгол Улсын эрх ашиг биш. МАН бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал угаасаа үүссэн. Өнөөдөр ч гэсэн МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй байгаа нь үүний нэг баталгаа.
Тиймээс Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс гаргасан УИХ-ыг нэн даруй тарааж, ээлжит бус сонгуулийг зарлан явуулах тухай зөвлөмжийг хэрэгжүүлэх ажилдаа маргаашаас орно. Өөрөөр хэлбэл, бид хууль санаачлах ажилдаа орно. Учир нь энэ УИХ, Засгийн газраас хүлээх зүйл байхгүй болсон. Хэрвээ бид шударга ёсыг тогтоож, хариуцлагагүй үйлдэл бүрт хариуцлага тооцож, төрийн институдын тогтвортой байдлыг хангах гэж байгаа бол энэ УИХ нэн даруй тараад, шинээр УИХ зохион байгуулагдаж байж үйл ажиллагаа цаашдаа цэвэр явах учиртай гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Намрын чуулганаар ганцхан хууль баталсан байна
Намрын чуулган үндсэндээ хоёр сар ажилгүй гацаж байна. Гэтэл энэ асуудалд УИХ-ын гишүүд өөрсдөө оролцож хурлын гацааж байгаа нь хууль зөрчсөн үйл. Бид асуудалд тэвчээртэй хандаж эхэлсэн. Намрын чуулганаар хэлэлцэх 23 хуулийн төслөөс ганцхан хуулийг баталсан байна. Тэр нь төсвийн тухай хууль. Тиймээс ганц ч хуулийн төсөл батлаагүй УИХ-аас цаашид хүлээх ямар ч зүйл алга гэдгийг үйл ажиллагаа нь нотолж байгаа юм.
***
З.Нарантуяа: МАН-ынхан чадваргүй гэдгээ зөвшөөрөөд УИХ-ын үйл ажиллагааг дуусгавар болгох хэрэгтэй
МАН-ын 60 тэрбумын схем ажилласан гэдэг нь хэд хэдэн зүйлээр нотлогдсон. 2016.06.31-ний өдрөөс хойш төрийн албанаас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан 22 мянган хүн байна. Эдгээр хүмүүсийн жагсаалтыг Төрийн албаны зөвлөлөөс гаргасан. Эдгээр хүмүүсийг халахдаа улсын төсвөөс тухайн жилдээ 25 тэрбум төгрөг 2017, 2018 онд тодорхой мөнгийг тэтгэмж болгон өгч байгаа юм. Дээр нь төрийн албанаас 13,5 мянган албан тушаал буурсан, шинээр томилогдсон хүмүүсийн жагсаалт гарсан. Үүнийг АТГ болон бусад холбогдох байгууллагууд шалгаж нотолж явуулахгүй байна.Түүнчлэн саяхан Засгийн газраас 10 гаруй мянган төрийн албан хаагчийг төвшин тогтоох шалгалт нэрээр очиход 60 орчим хувь нь зөвхөн сүүлийн гурван жилийн дотор шинээр томилогдсон байгаа юм. Эдгээрээс харахад жаран тэрбумын схем нь хаа хаанаа ажилласны нотолгоо байхад үүнийг зөвхөн нэг талын бүлэглэлийнхээ буруу юм шиг харагдуулах сонирхол байгаа бөгөөд нөгөө тал нь ч шударгаар илчлэх сонирхолгүй гэдгээ харуулж байна.
Өнөөдөр МАН УИХ-д 65 суудал авч амласан мөрийн хөтөлбөр 10 хүрэхгүй хувь нь биелэлттэй байна.Үлдсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ямар ч боломж байхгүй болсон. Тиймээс Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, МАН-ын эрх баригчид та бүхэн эргэж нэгдэж чадахгүйн зэрэгцээ төрийн эрх барих үүргээ биелүүлэх чадваргүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд УИХ-ын үйл ажиллагааг дуусгавар болгох хэрэгтэй гэж шаардаж байна.Бид ч мөн дуусгавар болгохын төлөө байна гэдгээ албан ёсоор илэрхийлж байгаа юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын Засгийн газарт нийт долоон удаагийн шаардлага хүргүүлсэн. 60 тэрбумын асуудлаар ч гэсэн нээлттэй хэлэлцүүлэг хийхийг шаардсан. Харамсалтай нь бүгдээрээ нэг байхдаа хамгаалаад хийгээгүй. Муудахаараа нөгөө бүлгээрээ хийлгэх гэж жүжиг тоглохоо больсон нь дээр. Үүнээс гадна ЖДҮ-ийн асуудлаар зөвхөн МАН-ын хэдэн гишүүн ажлын хэсэг байгуулна гэж байгаа юм биш.Төсвийн зарлагын хяналтын дэд хороон дээр төсвөөс хуваарилагдсан мөнгө болгон үр ашигтай, эзэндээ очсон байх ёстой гэсэн үүднээс ЖДҮ болон бусад санг шалгах санаачлагыг гаргасан байгаа. Валютын ханш өр зээлийн асуудлаар тавьсан асуулгад хариулт өгөх хүн алга. Тийм учраас нэн даруй УИХ тарж,ээлжит бус сонгуулийг зохион байгуулж, шинээр байгуулагдаж УИХ жинхэнэ шударга ёс хуулийн засаглалынхаа төлөө ажиллах боломжийг нь бүрдүүлээд явах цаг нь болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ХҮРЭЛСҮХИЙГ ТӨРД УДААН СУУЛГАВАЛ Ц.ЭЛБЭГДОРЖ, БАТ-ҮҮЛ НАР НЬ ДОРЛИГЖАВЫНХАА АРААС ЯВЧИХ ГЭЭД АРДЧИЛСАН НАМЫГ САНДАРГААД ИХ ХУРЛЫГ ТАРААХ ЮМ БАЙХ ДАА. МАЙ ШҮҮ