Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдэхийг хүлээж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.01.09/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байгаа.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд зарласан боловч одоогийн байдлаар 42.1 хувийн ирцтэй байна. Тус байнгын хороонд 19 гишүүн харьяалагддаг бөгөөд найман гишүүн хуралдаа ирээд байгаа юм.

 

Тус байнгын хороогоор мөн "Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.

 

Дашрамд дурдахад, УИХ-ын даргыг огцортол чуулганы болон байгын хорооны хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа УИХ-ын 40 гишүүн уг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа учир Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдэнэ гэсэн хүлээлт байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top