Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжинд хийсэн гэнэтийн айлчлалаа өндөрлөн, өчигдөр /2019.01.09/ нутгийн зүг хөдөллөө гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.
Орон нутгийн цагаар 02.08 цагт Кимийн тусгай галт тэрэг Бээжингээс хөдөлж, пүрэв гарагийн өглөө Хойд Солонгосын хилийг нэвтрэх гэнэ.
Мягмар гарагт /2019.01.08/ Бээжин хотноо хүрэлцэн ирсэн Ким Жон Ун БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийжээ. Талууд хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлж, олон улсын хөгжил, цэцэглэлтийн үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулах тухай тохиролцжээ.
Хятадын төрийн тэргүүн Солонгосын хөдөлмөрийн намаас хэрэгжүүлж буй улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахад чиглэсэн шинэ стратегийг сайшаан дэмжиж, энэхүү стратеги бодлого сайн үр дүн авчирна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Хятад улс Хойд Солонгос социалист бүтээн байгуулалтад илүү их амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэсэн байна.
Хэлэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүн нар тэргүүн хатагтай нарын хамтаар концерт үзэж сонирхсон ба Ши Жиньпин 35 нас хүрч буй Ким Жон Уны төрсөн өдөрт зориулан хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн байна.
Лхагва гарагийн өглөө Хойд Солонгосын удирдагч Хятадын нийслэл дэх эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд байрлах эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэрбээр 300 гаруй жилийн түүхтэй Тонг Рен Танг эмийн томоохон компанийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахад 20-30 минут зарцуулсан аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, буцахаасаа өмнө Ким Жон Ун, Ши Жиньпин нар үдийн зоог хамт барьсан гэнэ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Кимийн гэргий Ри Сол Жу, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд болон Батлан хамгаалахын сайд багтсанаас гадна Кимийн дүү Ким Ё Жон дагалджээ.
Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болох тухай мэдээлэл цацагдаж буй цаг үед болсон энэхүү айлчлал Ким Жон Уны Бээжинд хийж буй дөрөв дэх удаагийн айлчлал юм. Ард түмэндээ дэвшүүлсэн шинэ жилийн мэндчилгээндээ Ким Жон Ун хэрэв АНУ Хойд Солонгосын дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авч, дарамт шахалт үзүүлсэн хэвээр байх аваас Хойд Солонгос өөр замыг сонгох болно хэмээн сануулж байсан билээ. Гэхдээ тэр Дональд Трамптай хэзээ ч уулзахад бэлэн хэмээн мэдэгдэж үүдээ нээлттэй үлдээсэн юм. Ким Жон Ун мөн 1950-1953 оны Солонгосын дайны галыг зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурсан Хятад зэрэг оролцогч талуудыг хэлэлцээ хийж, энхийн гэрээ байгуулахыг уриалсан. Эл асуудал Ким Жон Уны Бээжинд хийсэн айлчлалын үеэр яригдсан байх хэмээн ажиглагчид таамаглаж байна.
Өнгөрсөн 2018 онд Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай зургадугаар сард Сингапур улсад уулзахаасаа өмнө нь ба дараа нь Ши Жиньпинтэй гурван удаа уулзсан билээ.
Тиймээс Ким Трамптай хийх уулзалтаас өмнө Пёньяны хамгийн ойрын холбоотон болох Хятадтай стратегийн асуудлаа хэлэлцэх зорилгоор Бээжинг зорьсон гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн тус хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн жилд хийсэн энэхүү айлчлал мөн Ким Жон Уны 35 насны төрсөн өдөртэй давхацсан нь хоёр улсын харилцаа хэр бат, дотно гэдгийг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ. Тэдний хэлснээр, Кимийн Хятад улсад хийсэн айлчлал нь түүний Сөүлд хийх айлчлал эсвэл Трамптай хийх уулзалт ойртож буйн дохио бололтой. Өнгөрсөн оны есдүгээр сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах үеэр Ким Жон Ун Сөүлд айлчлах амлалт өгсөн. 2018 оны арванхоёрдугаар сард Мүн Жэ Инд илгээсэн хувийн захидалдаа Хойд Солонгосын удирдагч тэр ондоо багтаан Сөүлд очиж чадаагүйдээ харамсч буйгаа илэрхийлээд, амлалтаа ойрын хугацаанд биелүүлэхээ амлаж байсан юм.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )