Том банкуудын дансаар орж УГААГДДАГ МӨНГӨ

2019 оны 01 сарын 10

Хууль бусаар олсон хөрөнгийн урсгал хууль бус аливаа үйлдлийг санхүүжүүлэхэд чиглэдэг  нь тодорхой байдаг. Тиймээс дэлхий нийтээр мөнгө угаах, терроризмыг санжүүлэхийн эсрэг нэгдсэн байдлаар тэмцээд багагүй хугацаа өнгөрч буй.  Манай улсын тухайд ч   олон улсын  стандартыг дагаж хуульчилсан.  Тодорхой алхмуудыг хийж байна. Дотоодын нөхцөл байдлыг өгүүлэхээсээ өмнө  дэлхийн улс орнуудын  мөнгө угаах гэмт хэргийн зарим жишээнээс хүргэе.


-Английн HSBC банк хууль зөрчин Мексик, Иран, Куба, Саудын Араб зэрэг улс орнуудтай сүлжээлэн мөнгө угаасан нь тогтоогдож, улмаар 1,9 тэрбум ам.долларын торгууль төлж байсан.


-Стандарт Чартеред банк  АНУ-ын эдийн засгийн хорионд орсон орнуудын жагсаалтад орсон Судан, Иран зэрэг  дөрвөн улстай 2001-2007 оны хооронд бизнесийн харилцаатай байсан нь нотлогдсон тул АНУ-ын холбооны болон Нью-Йорк мужийн хууль хяналтынханд нийт 667 сая ам.долларын торгууль төлсөн байдаг.


-Мексик улс хар тамхины наймаанаас жилд 50 тэрбум ам.долларын орлого олж байгаа ч, зургаан жилийн дотор энэхүү хууль бус наймааны хөлд дөчөөд мянган хүн амиа алдсан гэсэн тоо бий.


-Авлигын эсрэг дэлхийн хөдөлгөөний тэргүүлэгч “Трансперенси Интернешнл” байгууллагаас Индонезийн Ерөнхийлөгч асан Сухартог хамгийн том авлигачдын жагсаалтад оруулж байсан. 9 тэрбум ам.долларыг Австрийн банкинд хадгалуулсан нь илэрснээр, түүний хөрөнгийн эх үүсвэр хууль бус болох нь илэрсэн юм.


-Нью-Йоркийн банкин дахь “Benex Worldwide” компанийн  дансаар Оросын мафийн мөнгийг угааж байсан асуудал илэрч байв. 1996-2002 оны хооронд 9 орчим тэрбум ам.доллар Америкийн банк руу шилжсэнийхээ дараа буцаад Европын банкуудаар дамжиж Орос руу орсон байдаг.



 

Тэгвэл манай улс мөнгө угаах гэмт хэргийн эсрэг олон улсын стандартын дагуу тэмцэх эрхзүйн орчныг бүрдүүлсэн гэж үзэж буй ч, хамгаалалтаа сайжруул гэсэн шаардлагыг FATF-аас тавьсны дагуу шат дараатай үйл ажиллагаанууд явагдаж байна.


Дашрамд, олон улсын стандарт болох НҮБ-ын 2000 оны Палермогийн конвенцид “мөнгө угаах” гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлсон байдагт анхаарал хандуулъя.


  • Гэмт хэргийн орлого гэдгийг нь мэдсээр байж эд хөрөнгийн хууль бус үүсвэрийг нуух, далдлах, эсхүл үндсэн зөрчлийг үйлдэхэд оролцсон этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх;

 

  • Гэмт хэргийн орлого гэдгийг нь мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмших буюу бусад эрхийг нуух буюу далдлах;

 

  • Гэмт хэргийн орлого гэдгийг нь мэдсээр байж эд хөрөнгийг авах, эзэмших буюу ашиглахыг хэлнэ гэсэн байдаг. Энэ бол олон улсын стандарт.


Уг стандартын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой манай төр засгийн холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд мэргэших шаардлагатай гэдгийг албаныхан хэлдэг. Тэгвэл Азийн Хөгжлийн Банкнаас Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанктай хамтран мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд СЗХ-ны бүтцэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нэгжийг байгуулахаар болсон юм.


Хуулийн байгууллагын эх сурвалж хэлэхдээ  “Мөнгө угаах гэмт хэрэг нь Монгол Улсын санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдалд аюул, заналхийлэл учруулах бөгөөд гэмт этгээд, гэмт бүлэг, зохион байгуулалттай бүлэглэлүүд гэмт хэргээс олсон орлого, хөрөнгөөр дамжуулан санхүүгийн системд өөрийн нөлөөг тогтоох, гэмт үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засагт хор уршигтай үйл ажиллагаа юм. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудыг чадавхжуулах нь олон улсын түвшинд төдийгүй Монгол Улсын хувьд ч тулгамдсан асуудал хэвээр байгаа. Нийгмийн хөгжилтэй зэрэгцэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд бүлэг, зохион байгуулалтад орж үйлдлийн арга, хэлбэр улам боловсронгуй болж техник, технологийн дэвшлийг ашиглах, гэмт хэргийн улмаас олсон орлогыг улс, орон дамжуулж шилжүүлэх хандлага ажиглагдаж байна” гэж байлаа.


Мөнгө угаах гэмт хэргийн чиг хандлагын тухайд Цахим орчныг ашиглах, Криптовалют /цахим мөнгө/ ашиглах, Улс, орон дамжуулан мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах,  Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой орлогыг угаах,  Хөрөнгийн зах, зээлд хөрөнгө оруулах, Банкнаас бусад санхүүгийн салбарууд нь мөнгө угаах гэмт хэргийн гол суваг болохыг анхааруулж байна.

 

 

Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэмт хэргүүд дээр гэмт этгээдүүд нь гэмт хэргийн замаар олсон орлогоо банкнаас бусад санхүүгийн салбаруудад хөрөнгө оруулж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдон шалгагдаж байна.  Банкнаас бусад санхүүгийн салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нь Монголбанкны Санхүүгийн Мэдээллийн Алба руу мэдээлэхдээ цаг алдаж хуульд заасан хугацаанд нь явуулаагүй зэрэг нь энэ төрлийг гэмт хэрэгтэй холбогдож яригдах ёстой асуудал гэлээ.


Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас сүүлийн зургаан жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөнгө угаах гэмт хэргийн тоо олон  байна. Гэхдээ мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдох өндөр эрсдэлтэй залилах, хөрөнгө завших, авлига, байгаль орчны эсрэг, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг суурь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгөтэй холбогдсон этгээдүүдэд шүүхээр эцэслэн ял оногдуулаагүй, ахуйн хүрээнд үйлдэгддэг хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгөтэй холбогдсон этгээдүүдэд мөнгө угаах зүйл, ангиар ял оногдуулах практик тогтох хандлага бий болсныг албаны хүн хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top