Г.Солтан гишүүний бүрэн эрхийг 76.9 хувийн саналаар “хамгаалав”

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын байгууллагын саналыг хүлээж авах эсэх асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, шийдвэрээ гаргалаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би уучлалт гуйхгүй гээд энэ хүн сонин юм яриад байх юм. Уучлалт гуйж болно доо. Халдашгүй байдлын дэд хороо яагаад энэ хүнийг хүлээж хуралдаанаа хойшлуулсан юм бэ. Бас прокуророос энэ хүний хэлээд байгаа шиг нь зээл авсан компаниас нь асуусан уу” хэмээн лавлахад Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Зээлийн материалын бүрдүүлэлт, зээл авах гэж байгаа төсөл нь бодит байх ёстой. Энэ зээл ЖДҮ эрхлэгчдэд олгодог зээл. Г.Солтан гишүүний хүү нь захирлаар ажилладаг компани. Зээлийн материал авч байх үед энэ компани ЖДҮ-ээр бүртгэгдээгүй байсан. Ингээд зээлийн мөнгө эхнэрийнх нь данс руу ороод банканд хүүлэгдсэн буруутай” хэмээн хариулав. Мөн Халдашгүй байдлын дэд хороог төлөөлж УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хуулинд тухайн хүнийг заавал байлцуулна гэсэн зүйл байхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүний хувь заяатай холбоотой асуудлыг ярьж байгаа тохиолдолд өөрийг нь байлцуулах нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь Халдашгүй байдлын дэд хороогоор орж байсан бүх хүн өөрийн биеэр ирж тайлбар хийдэг байсан. Цаашдаа ч ийм байдлаар хуралдах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн тайлбар хийлээ.

 

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор үргэлжлүүлэн прокуророос ирүүлсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал асуулт явуулахад санал асуултад оролцсон 13 гишүүнээс 10 нь буюу 76.9 хувийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Одоо УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцсэн байнгын хорооны хуралдааны шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БУХИМДСАН ИРГЭН(202.131.225.197) 2019 оны 01 сарын 11

Ийм юмнуудыг хаацайлаад байгаа Их хурал тар. Тэгээд шалгуул.

0  |  0
Top