ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг олонхийн саналаар огцруулах хуулийн заалт буюу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хуулийн төслийн талаарх илтгэлдээ, УИХ-ын 40 орчим гишүүн УИХ-ын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд гацаж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгийг танилцуулав.


Дашрамд дурдахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг хуулийн заалт буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан хуулийн төслийг өнөөдөртөө багтаж, хэлэлцэн батлах чиглэл өгсөн билээ.

 

З.Энхболд: С.Эрдэнэ гишүүнээ та юуг юунаас хамгаалж байгаа чинь муухай харагдаж байна

 



С.Эрдэнэ: З.Энхболд даргаас асуух зүйл байна. Та их хурлын дарга байсан хүн. Гэтэл өнөөдөр ийм хуулийн төсөл бариад гүйж байхыг чинь хараад гайхаж байна. Таныг их хурлын дарга байхад ийм хуулийн төсөл хэлэлцэгдэж байсан бол яах  байсан бэ.  Энэ хуулийн төсөл батлагдсанаар Монголын төрд ямар ашигтай вэ. Ийм хууль өргөн бариад байж байгааг чинь гайхаж байна. Та ийм өчүүхэн, өөдгүй хүн байсан юм уу.

 

З.Энхболд: С.Эрдэнэ гишүүн төрийн дархлааны талаар буруу ойлголттой байна. Энэ хуулийн төсөл парламентын дархлааг бууруулж байгаа юм биш. Ерөнхийлөгч санал гаргахдаа энэ бүхнийг тооцсон. Миний урьд нь ямар албан тушаал хашиж байсан нь огт хамаагүй. С.Эрдэнэ гишүүнээ муухай харагдаж байна. Юуг юунаас хамгаалж байгаа чинь муухай харагдаж байна. Миний хариулт дууслаа.

МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын хариулт өгснөөр гишүүд асуулт асууж дууссан юм. Одоо гишүүд үг хэлж байна. 


Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(99.203.10.141) 2019 оны 01 сарын 11

Z. Enkhbold mash tuushtai mundag uls torch bna.

0  |  0
хуц(66.181.171.26) 2019 оны 01 сарын 12

энэ эрдэнэ гэж маш том хулгайч байгаа энэ нөхөрийг шалгах цаг нь болсон шүү

1  |  0
Top