Иванка Трамп Дэлхийн банкны ерөнхийлөгчид яригдаж байна

2019 оны 01 сарын 14

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким хоёрдугаар сарын 1-нд ажлаа хүлээлгэж өгснөөр, тус байгууллагын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа явагдах юм. Тэгвэл түүнийг хэн орлож болох талаар хэвлэлүүдээр нэрлэгдэж буй хүмүүсээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трампын нэр олны анхаарлыг татаж байна.


Financial Times-д мэдээлснээр  бол Иванка Трамп Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвших магадлал өндөр байгаа гэнэ. Мөн түүнтэй өрсөлдөх магадлалтай хүмүүсийн дотор Жим Ён Кимийн ажлыг түр гүйцэтгэх Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Кристалина Георгиева зүй ёсоор нэрлэгдэж байна.


Кристалина Георгиева нь болгар гаралтай. 1993 оноос эхлэн Дэлхийн банкинд ажиллах болсон. 2010-2017 онд Европын Холбооны Европын хороонд ажиллаж, төсвийг хариуцаж байсан юм. 2017 онд Дэлхийн банкны  гүйцэтгэх захирлын  албанд томилогдсон.


Үүнээс гадна АНУ-ын Сангийн яамны олон улсын асуудал хариуцсан дэд сайд Дэвил Малпассын нэр дурьдагдаж байгаа.

Мөн НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчийн албыг хашиж байсан Никки Хейли энэ албан тушаалд яригдаж буй гэнэ.


Ирэх хоёрдугаар сарын 7-14-нд нэр дэвшигчдийг бүртгэнэ. Харин дөрөвдүгээр сарын 14 гэхэд Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгч томилогдсон байх ёстой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top