Эзэнтэй төрийн ЭЗЭНГҮЙ МӨНГӨ

2019 оны 01 сарын 14

Удаан яригдсан Баялгийн санг 2018 онд байгуулж амжих уу гэдэг асуудлыг бид өмнө нь хөндөж байсан билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Баялгийн сангийн тухай ярихдаа “2018 ондоо багтаж хуулиа батлуулаад, дараа оноос нь үр шимээ хүртэх төлөвлөгөөтэй байна. Тэргүүн ээлжинд стратегийн 16  ордын нэг болох Эрдэнэс Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орсноороо Баялгийн сангийнхаа үр шимийг бид эхний ээлжинд хүртэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 1072 ширхэг хувьцаа бодитоор өгөөжөө өгч эхэлнэ” гэж байв. Тэгвэл 2019 он гарчихаад байгаа энэ үед ХУУЛЬ батлагдаагүй байна. Харин 1072 хувьцааны өгөөж ойртож буй тухай мэдээлэл түгжээ.


Засгийн газар  байгалийн баялгийн орлогоос хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлж эхлэхийн тулд “Ирээдүйн өв сан”-д 553 тэрбум буюу хагас их наяд төгрөг төвлөрүүлэх зорилтыг энэ 2019 онд тавьчихаад буй. Ингэхдээ Хүний хөгжил сангаас засаг засаг дамжин уламжлагдан ирсэн өрийг барагдуулж, хагас их наядыг энэ жилдээ хадгалаад, цаашлаад жил бүр нэг их наяд төгрөг хуримтлуулна гэж байгаа юм. Төсвийн орлого, зарлагаа аль алийг нь томоор тооцож оруулж ирсэн манай тухайд хагас их наядыг хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ боломжгүй байсан ч, “хадгалах” сонирхол байхыг үгүйсгэхгүй. Үнэндээ бол иймэрхүү алхмууд өмнө нь хийгдэхгүй биш хийгдэж л байсан. Хадгалсан нэртэй ч, хаашаа орсон нь мэдэгддэггүй жишиг манайд тогтсон.


  • Тухайлбал, Тогтворжуулалтын санг дурдах хэрэгтэй. Төсвийн орлогод гол нөлөөтэй зэс, нүүрсний төсөвт тооцож оруулсан тэнцвэржүүлсэн үнээс илүү гарч борлогдсон үнийн зөрүүг энэ санд хийнэ гэж анх ярьж байсан. Сан байгуулагдсан тэр жил нь зэс, нүүрсний үнэ өсөлттэй ч байж, хэдэн арван тэрбумаар хэмжигдэх мөнгө төсвийн Тогтворжуулалтын сан руу орсон байх учиртайг тухай бүр нь судлаачид хэлж л байв. Гэвч санд орсон мөнгө хаачсан эсэхийг хэн ч, хэнд ч тайлагнадаггүй. Одоо ч энэ санд мөнгө  хадгалдаг гэх. Ер нь “эзэнгүй” мөнгө хадгалж, улмаар сураггүй болгодог замаар л замнасан гэхэд болно.


Үүнийг өгүүлэхийн учир нь “Ирээдүйн өв сан” гэхчлэн нэрээ өөрчилсөн сангуудад нөгөөх “эзэнгүй” мөнгө хуримтлагдлаа гэхэд, хувь заяа нь хэний гараар орох вэ гэдэг асуудлыг хаа хаанаа цаашдаа хамтдаа анхаарч байх ёстойг хэлэх гэснийх. Зөвхөн энэ жилд хуримтлуулах 500 тэрбум гэдэг бол бага тоо биш. Одоо хэн хүнгүй ярьж буй ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нийт олгосон зээл рүү дөхөж очих ТОМ ТОО юм л даа. Тиймээс хадгалах мөнгөндөө хяналт тавих, араас нь нэхэлтэй байх хандлагыг одооноос зөв зүйтэйгээр нэвтрүүлье.


Төр засгийн шийдвэрүүдийн хүрээнд аливаа нэг санд хуримтлагдаж, төвлөрч буй мөнгөнд тавих хяналтыг чангаруулахын тулд мэдээж эрхзүйн орчны зохицуулалт чухал. Жишээ нь, Баялгийн сан гэсэн бие даасан хуулийг батлах нь, төрийн мөнгөнд тавих хяналтыг хуульчлах нэг хэлбэр юм. Баялгийн сангийн тухайд  “Эрдэнэс Монгол” компанийг хөгжүүлэх замаар байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж хуулийн төсөл боловсруулснаа Д.Сумъяабазар сайд хэлж байсан билээ. “Эрдэнэс Монгол” бол стратегийн чанартай бүх л орд газрууд хийгээд компаниудад төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чиглэлтэй. Уг нь Баялгийн сангийн тухай сэдэв манайд яригдаад багагүй хугацаа өнгөрч буй. Гадны улс орнуудын баялгийн сангуудын талаар олон жил ярьж байгаа. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баялгийн сангийн тухай хуулийн төсөл санаачилж байсан.


Үндэсний баялгийн сангаар дамжуулж, нийгмийн олон салбараа дэмжиж хуримтлал бий болгодог жишиг олон улсад бий. Сингапур, Казахстан, Норвеги зэрэг оронтой баялгийн сангаараа дамжуулж, нийгмийн салбаруудаа хөгжүүлж ирээдүйд хуримтлал бий болгосон орнуудын жишээг бид нэрлэж болно. Тухайлбал, Казахстан улс гэхэд хоёр том баялгийн сангаар дамжуулан дэлхийн зах зээл дээр хувьцаа гаргаж, худалдаж авдаг гэдгийг салбарын сайд хэлж байсан. Мөн тэрбээр Үндэсний баялгийн сангаа 2018 онд амжиж байгуулахгүй бол улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч эерэг дүр зураг харагдахгүй хэмээн мэдэгдэж байв. Сайд ингэж хэлсэн ч, 2019 он Баялгийн сангүй улирч болзошгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top