Цагаан сар ба Төсөв | Нэг өрх 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг

2020 оны 01 сарын 20

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг Сар шинийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан "Цагаан сар ба төсөв" цуврал сурвалжлагыг Zindaa.mn сайт бэлтгэн хүргэж байна. Сар шинийн баярын бэлтгэлээ базаахад монголчууд дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг болохыг Үндэсний статистикийн хорооны /ҮСХ/ судалгаанд үндэслэн хүргэе.

 

Цагаан сарын баяр бусад баяруудыг бодоход айл өрхөөс ихээхэн бэлтгэл шаарддаг. Уламжлалын дагуу бор, цагаан гэсэн хоёр төрлийн идээ бэлтгэхээс гадна гарын бэлэг бэлтгэх зэргээр мөнгө шаарддаг. Тэгвэл цагаан сарын идээ болон гарын бэлгийн нийт үнийг ҮСХ тооцож гаргажээ. Ингэхдээ хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индексийн тооцоонд ашигладаг хэрэглээний сагснаас бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн дундаж үнийг  авч, тооцоолсон байна.

 

Цагаан сарын баяраар нэг өрхөөс бор идээний хэрэглээнд дунджаар 419  мянган төгрөг зарцуулдаг аж. Үүний 59.7 хувийг хонины ууцны зардал эзэлж байна. Тухайлбал, хонины ууц 250 мянган төгрөг, 3 шил архи 39 мянган төгрөг, 650 ширхэг бууз 130 мянган төгрөг гэсэн дундаж тооцоог хийжээ.

 

 

Нэг өрхийн цагаан идээний дундаж хэрэглээ, бүтээгдэхүүний  төрлөөр, тоо хэмжээ, зах зээлийн дундаж үнийн мэдээллийг хүргэе.

 

Нэг өрхийн цагаан идээний хэрэглээ дунджаар 277.1 мянган төгрөг байна.

 

 

Гарын бэлэгт шаардагдах мөнгийг дунджаар дараах байдлаар тооцжээ

 

* Үндэсний статистикийн хорооноос тооцож нийтэд мэдээлдэг, хэрэглээний бараа,

үйлчилгээний үнийн индексийн тооцоонд ашигладаг, хэрэглээний сагснаас гарын бэлэгт

бэлэглэж болохуйц бүтээгдэхүүнийг нэр төрлөөр зах зээлийн дундаж үнийг харуулав.

 

Тэгэхээр эдгээр зардлуудыг тооцоод үзэхээр Сар шинийн баярт нэг өрхийн зарцуулах дундаж зардлын хэмжээ тодорхой болох юм. Тооцооллоор нэг өрхөөс идээний зардалд дунджаар 696.1 мянган төгрөгийн зардал гарах бөгөөд үүнээс 419  мянган төгрөг буюу 60.2 хувь нь бор идээний, 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувь нь цагаан идээний зардал байна.

 

Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8-18 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл  бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин  хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 780  мянган төгрөг зарцуулахаар байна.

 

Дээрх хоёр төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ болон гарын бэлгийн дүнгээр нэг  өрх цагаан сарын баярт дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гаргахаар байна.

 

Нэг өрхөөс цагаан сарын баяр тэмдэглэхэд гардаг дундаж зардал 2017 онд 742.5 мянган төгрөг болсон нь өмнөх оноос 94.5 мянга буюу 14.6 хувиар  нэмэгдсэн тоо юм.  Нэг өрхөөс цагаан сарын баяр тэмдэглэхэд гардаг дундаж зардлыг хот, хөдөөгөөр авч  үзвэл, 2017 оны байдлаар хотод 764.3 мянган төгрөг, хөдөөд 703 мянган төгрөг байна.

 

Нэг өрхөөс Цагаан сар тэмдэглэхэд гардаг дундаж зардал жил бүр дараах байдлаар өөрчлөгджээ.

 

 

Харин өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл: 

Манай улс 2018 оны  арванхоёрдугаар сарын байдлаар 895.1 мянган өрхтэй бөгөөд өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл:

 

  •  30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй өрх (I) нийт өрхийн 11.8 хувь
  •  30-39 насны өрхийн тэргүүнтэй өрх (II) нийт өрхийн 26.6 хувь
  •  40-49 насны өрхийн тэргүүнтэй өрх (III) нийт өрхийн 24.8 хувь  
  •  50-59 насны өрхийн тэргүүнтэй өрх (IV) нийт өрхийн 20.2 хувь 
  •  60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрх (V) нийт өрхийн 16.6 хувийг эзэлж байна.

 

Цагаан сарын баярыг

 

  • Нэгдүгээр өрхүүдийн 25 хувь

  • Хоёрдугаар өрхүүдийн 45 хувь

  • Гуравдугаар өрхүүдийн 65  хувь

  • Дөрөвдүгээр өрхүүдийн 85  хувь

  • Тавдугаар өрхүүдийн 95  хувь өргөн дэлгэр тэмдэглэдэг гэж таамаглан тооцоо хийж үзэхэд 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаарх 895.1 мянган өрхийн 64  хувь буюу 572.6 мянган өрх цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, нэг өрхөөс 1.5 сая төгрөгийн зардал гардаг гэвэл, идээ болон бэлэгт зориулж улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Харин бэлгийн 80  орчим хувийг импортын бүтээгдэхүүн худалдан авч,  зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргаж буй аж.

 

Тэрчлэн  Монголчууд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цагаан сарын баярын гарын бэлэгт өргөн хэрэглэвэл дотоодын үйлдвэрлэл хөгжих, ажилгүйдэл буурах, төгрөгийн худалдан авах чадвар сайжрах зэрэг давуу талтай гэдгийг судлаачид онцолж буй юм.

 

Нэг зүйлийг тодотгоход, ҮСХ-ноос хийсэн уг судалгаанд Цагаан сарын баярын идээ болон бэлэгний зардал орсон бөгөөд баярын гоёл дээл хувцасны зардал ороогүй байна. Хүүхдийн дээлний үнэ доод тал нь 50 мянган төгрөг, том хүний дээл 200 мянган төгрөгөөс дээшлээд 1 сая төгрөг давсан үнэтэй нь ч худалдаалагдаж байна. Ингээд үзэхээр нэг өрхөөс Цагаан сарын баярт зориулан гаргах зардал  2 сая төгрөгөөс давж тооцоологдож байна. Цагаан сарын баяр тэмдэглэдэг өрхийн тоонд харьцуулан авч үзвэл Монголчууд Цагаан сарын баярт зориулан 1 их наяд төгрөгийн зардал гаргаж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
svd(36.74.42.194) 2023 оны 01 сарын 06

.

0  |  0
yer ni(202.9.40.146) 2020 оны 01 сарын 27

dmii bxoooo

0  |  0
Top