Нийслэлийн Засаг даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр /2019.01.16/ Хангарьд ордонд болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дараагийн захирагчийг сонгох товтой байгаа ч ирц бүдээгүй байна.

 

Нийслэлийн захирагчийн асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээс өмнө МАН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргадаг бөгөөд өчигдөр /2019.01.15/ Ерөнхий сайдын өрөөнд МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан мэдээлэл байна. Албан бус мэдээллээр Удирдах зөвлөлөөр нийслэлийн Засаг даргад одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжсэн бөгөөд оронд нь НИТХ-ын даргад НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ.

 

Ийнхүү МАН-ын Удирдах зөвлөлийн саналаар нийслэлийн Засаг даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлэх бол заалнаас нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууныг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна.


 

 

НИТХ-ын дарга С.Амарсайхан намтар:

Төрсөн он сар өдөр : 1973.06.13

Төгссөн сургууль : 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн.

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Эрх зүйн Магистр зэрэгтэй.

Ажилласан байдал : 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер
2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

Гавъяа шагнал : 2012 онд "Алтан гадас" одон

Сонгуульт ажил : 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, 2017 оноос НИТХ-ын даргаар тус тус ажиллаж байна.

***

 

 

НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууны намтар

Төрсөн он сар өдөр: 1979.01.28

Төгссөн сургууль : 1997- 2001 Техникийн их сургууль – механик инженер, 2011- 2013 Удирдлагын академи – Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдагын академи – Төрийн удирдлагын доктрант

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Дээд, магистр, доктрант

Ажилласан байдал : 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

Гавъяа шагнал: Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Нийслэлийн 370, 375 жилийн ойн медаль, Нийслэлийн Засаг даргын жуух бичиг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг

Сонгуульт ажил: 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(103.50.206.40) 2019 оны 01 сарын 16

Намын шийдвэр зөрчисөн гээд Хүрэлсүх хөөх байхдаа

0  |  0
Top