БАЯНХОНГОР: ОБЕГ-ын дарга Баянхонгор аймагт ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэд өнөөдөр тус аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, зарим чиг үүргийг өглөө. Уулзалтын үеэр хошууч генерал Т.Бадрал отроор яваа малчиддаа төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж байх, мал эмнэлгийн газрын статус шинэчлэгдсэнтэй холбоотойгоор түүнд зөвхөн мэргэжлийн хүмүүсийг ажлуулах талаар чиглэл өгөөд мал амьтны устгал хорогдлыг төрөөс нөхөн төлөх асуудал цаашид байхгүй болсон гэдгийг онцгой комиссын гишүүдэд мэдээллээ.

 

Мөн тэрээр томуу, томуу төст өвчний вирус, гахайн мялзан өвчнөөс хүн ардаа урьдчилан сэргийлэх, өвөл хаврыг эрсдэл багатай даван туулахад төр, түүний албан хаагчид, ард иргэдийн хамтын хариуцлагатай оролцоо чухлыг сануулав. Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 85,7 хувьтай байна. Тус аймаг орон нутагтаа гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулжээ. Хошууч генерал Т.Бадрал Баянхонгор аймгийн ИТХ, Засаг дарга түүний тамгын газарт гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжин ажиллаж буйд талархалаа илэрхийлээд хамтын ажиллагааны хүчин зүтгэлд Баянговь суманд эрэн хайх аврах бүлэг, Бууцагаан суманд гал унтраах аврах ангийг байгуулсаныг тодотгов. Бууцагаан суманд байгуулагдаж буй гал унтраах аврах ангийн байдалтай өчигдөр хошууч генерал Т.Бадрал танилцав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top