Бүлэг дээрэмчид 21 удаагийн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

Шөнө оройн цагаар үгсэн тохирч, дээрмийн гэмт хэрэг бүлэглэн үйлддэг зургаан этгээдийг илрүүлэн, мөрдөн шалгаж байна. Сэжигтэн этгээдүүд нь өнгөрөгч оны тавдугаар сараас эхлэн оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүд, архи согтууруулан ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ хянах чадваргүй болсон согтуу иргэдийн хоолойг боож, амь биед аюултай арга хэрэглэн, эд зүйслийг нь дээрэмддэг байжээ. Гэмт этгээдүүдийг өнгөрөгч шөнө буюу 2019 оны нэгдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө илрүүлэн, баривчилсан байна.

 

Тэд Сэлэнгэ аймгийн харьяат бөгөөд 18-19 настай, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй хүмүүс байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явц дахь урьдчилсан мэдүүлгээр 21 удаагийн дээрмийн үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Дээрэмдэх төрлийн гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй, нийгэм болон нийтэд, амь биед аюултайгаар үйлдэгддэгээрээ онцлог гэмт хэрэг юм.


Иймд, иргэд та бүхэн шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, гэрэлтүүлэг болон камерын хяналттай газраар явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын ,Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top