УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор зохицуулжээ. Ингэж өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу бусдаас хараат бусаар хэрэгжих өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоосноороо Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах иргэний эрхийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх заалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Иймээс Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн юм.
Мөн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, 62.9 хувийн саналаар баталлаа.
Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, тогтоол баталсан.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 12 дугаар 05-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд санал нэгтэй дэмжиж, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон юм.
Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, 82.4 хувийн саналаар баталлаа.
Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 03 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Иймээс Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2018 оны 12 дугаар 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм. Уг хуулийн төсөл нь хоёр зүйл, хоёр хэсэгтэй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө; ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөө хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаж энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.”, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө; ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс ажлын 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаж төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )