Ногоон эдийн засаг руу шилжих шилжилтийг танилцууллаа

2019 оны 01 сарын 22

Ногоон эдийн засгийн холбоо (НЭЗХ)-ны олон улсын чуулга уулзалт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейп Таун хотод зохион байгуулагдлаа. Энэхүү хурлаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн НЭЗХ-ны түнш байгууллагууд болон хүндэт төлөөлөгчид хуран чуулж, ногоон эдийн засгийн бодлогын үр дүн, үүн дэх иргэний нийгмийн үүрэг хариуцлага болон хүртээмжтэй өсөлт зэрэг бусад асуудлуудыг хэлэлцсэн юм.

 

Чуулга уулзалтад Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэг оролцож,  тус төвөөс бэлтгэн гаргасан “Монгол Улсын ногоон эдийн засгийн барометр 2018” тайлан болон Монгол Улсын ногоон эдийн засаг руу шилжих шилжилтийг танилцууллаа. Тус төвөөс хэрэгжүүлж буй “Гэр хорооллын иргэдэд тулгарч буй асуудлыг зураглалын аргаар тодорхойлох” судалгааны явцыг танилцууллаа.

Чуулганы үеэр төрийн байгууллагууд, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөллүүд ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн бэрхшээлүүд болон илүү тогтвортой өсөлтөнд хүрэх арга замуудын талаар өөрсдийн дуу хоолойг хүргэлээ.

 

Энэ жилийн чуулганы уриа нь “Хүн бүрт хүртээмжтэй” буюу шинэ, илүү ногоон эдийн засгийн системд хэрхэн хүн бүр ашиг хүртэх талаар байсан юм. Энэ ч утгаараа, чуулган нь өргөн хүрээний хэлэлцүүлгүүд болон networking арга хэмжээнүүдээр дүүрэн зохиогдсон. Ногоон, шударга эдийн засгийг бий болгох мөн хүмүүст хүртээмжтэй байлгахад чухал бодлогын тэргүүлэх чиглэлүүд:

 

-Санхүү

 

-Хүртээмж

 

-ЖДҮ

 

-Байгалийн баялаг ба ногоон эдийн засгийн стратеги

 

НЭЗХ нь дэлхий даяар 300 гаруй байгууллагыг хамарсан дэлхийн хамгийн том ногоон ба шударга эдийн засгийн төлөөх түншлэл юм. НЭЗХ нь орон нутгийн байгалийн баялагийг тухайн газрын оршин суугчид нь эзэмших мөн буурай улс орнууд илүү цэвэр эрчим хүчний системийг бий болгох ногоон эдийн засгийн санааг дэмжихээр байгуулагдсан билээ. Ногоон эдийн засагт хүрэхийн тулд, НЭЗХ нь дараах үндсэн 5 арга хэмжээг авч байгаа. Тодруулбал,  Хэмжих ба чиглүүлэх, санхүүгийн системийг шинэчлэх, эдийн засгийн салбаруудыг ногоон болгох, тэгш бус байдлыг багасгах, байгалийн үнэ цэнэ зэрэг асуудлууд юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top