АНУ, Их Британи, Канад, Австрали зэрэг улсын зуу гаруй ахмад дипломат, шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандан захидал бичиж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятад улсад саатуулагдсан Канадын хоёр иргэнийг суллах хүсэлт тавьжээ.
Тэд Канад улсын иргэд Майкл Ковриг, Майкл Спэйворг нарыг саатуулсанд сэтгэл зовниж буйгаа илэрхийлээд тэднийг даруй суллаж, гэр бүлдээ эргэн очих боломж олгохыг хүсчээ.
Тус захидалд гарын үсэг зурсан Канад улсаас БНХАУ-д сууж асан Ги Сен-Жак энэхүү захидал нь Хятадын үйлдлийг олон улсын төвшинд хэрхэн хүлээн авч буйд анхаарлыг нь хандуулах зорилготой мессеж юм гэжээ.
Үүнээс өмнө, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Хятадын эрх баригчид Канадын дипломат асан Майкл Ковриг, бизнесмен Майкл Спэйвор нарыг ямар ч үндэслэлгүй хорьж байна гэж мэдэгдээд Ковригийн тухайд Бээжин дипломат дархан эрхэнд хүндэтгэлгүй хандаж байна гэж онцолсон юм. Үүний хариуд БНХАУ-ын гадаад хэргийн яам Канадын ерөнхий сайдад олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй танилцахыг зөвлөсөн юм.
Хятадын эрх баригчид эдгээр иргэдийг Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутган, шалгаж байна гэж мэдэгдсэн бол ажиглагчид Huawei компанийн захирал Мэн Ванжоуг саатуулсны хариу арга хэмжээ гэж үзэж байгаа билээ. Huawei компанийн үндэслэгчийн охин Мэн Ванжоуг АНУ-ын Ираны эсрэг тавьсан худалдааны хориг арга хэмжээг зөрсөн хэмээн сэжиглэж, АНУ-д шилжүүлэх асуудлыг тавиад байгаа бол Хятадын тал үүнийг эсэргүүцэж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )