ГОВЬСҮМБЭР: Үндэсний бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

Говьсүмбэр аймгийн үндэсний бөхийн холбоо, аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран хөдөө орон нутагтаа тогтвортой ажиллаж амьдран, ард түмнээ баясгаж байгаа хөдөөгийн бөхчүүд, залуу бөхчүүдийг тодруулах, бие биенээсээ харилцан суралцах, бэлтгэл сургуулилтаа тогтмолжуулах боломж олгох, тэдний барилдааны амжилтыг дээшлүүлэх зорилгоор үндэсний бөхийн аварга шалгаруулах багийн барилдааныг зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэд Аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн Ж.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл нар оролцлоо.

 

Үндэсний бөхийн аварга шалгаруулах багийн барилдаанд Хүнс хөдөө аж ахуйн газар, Цаг уур орчны шинжилгээний төв, 5-р сургууль, Төрийн банкны хамтарсан “Шар арслан” баг, аймгийн цагдаагийн хэлтсийн “Шонхор” баг, Төмөр замын баг, Шивээ овоо уурхайн “Уурхайн хүчтэн” баг, Сүмбэр сумын 5-р баг “Чойрын богд” баг, Сүмбэр сумын 3-р баг, Баянтал сумын баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг, Цахилгаан түгээх сүлжээ гэсэн нийт 9 багийн 54 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа. Багийн дүнгээр тэргүүн байранд “Шивээ овоо” ХК-ийн “Уурхайн хүчтэнүүд” баг шалгарч алтан медаль, шилжин явах цомын эзэд боллоо. Хоёрдугаар байранд Улаанбаатар төмөр замын харьяа “Чойр зангилаа”-ны баг, 3-р байранд Сүмбэр сумын 3-р багийн “Найрамдал” баг шалгарав.

 

Хувийн дүнгээр тэргүүн байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан М.Мөнхбаатар 9 даваатайгаар, 2-р байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн заан А.Амартөр, 3-р байранд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат аймгийн харцага Л.Тулга нар шалгарлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top