ОХУ-д Ту-22М3 бөмбөгдөгч онгоц осолджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

ОХУ-ын Ту-22М3 бөмбөгдөгч онгоц Мурманск мужийн Оленегорск аэродромд буух үедээ осолдож, нисэх багийн нийт дөрвөн гишүүний гурван нь амиа алдаж, үлдсэн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.

 

Бөмбөгдөгч онгоцыг аюулгүй газар шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа гэнэ. Энэхүү ослын шалтгааныг тодруулах хүртэл Ту-22М3 бөмбөгдөгч онгоцны нислэгийг зогсоожээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цаг агаарын нөхцөл муудсаны улмаас жолоодлогын алдаа гарсан байж болзошгүй гэж ослын шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Нисэх багийн гишүүд бүгд олон цагийн нислэг хийсэн туршлагатай, нэгдүгээр зэрэгтэй нисгэгчид байсан гэнэ.

 

Ослын шалтгааныг тодруулах ажиллагаанд “Туполев” компанийн мэргэжилтнүүд оролцох юм.

 

Ту-22М3 бөмбөгдөгч онгоцыг С.П.Горбуновын нэрэмжит Казанийн нисэх онгоцны үйлдвэрт 1986 онд үйлдвэрлэсэн бөгөөд 2012 онд засварт орж байжээ. Ту-22М3 онгоцны дээд хурд 2300 км/ц, нислэгийн зай нь 7 мянган км гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top