Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг судлах Ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт хуралдаж, суурьшлын бүс дотор үйл ажиллагаа явуулж эхлээд буй зарим аж ахуйн нэгжийн талаар хэлэлцсэн. Өнөөдөр /2019.01.24/ нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуусан тус ажлын хэсгийнхэн Сүхбаатар дүүргийн IX-XI дүгээр хорооны нутаг дахь үйлдвэрүүдийн үйл ажиллагааг шалгав.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тухайн орчмын тохижилтыг сайжруулж, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн орон сууцны хороолол болгохоор тусгасан бөгөөд хүнд үйлдвэр ажиллуулахгүй. Тиймээс Зуун айл орчмоос өнгөрсөн жил 20 гаруй үйлдвэрийг нүүлгэсэн бөгөөд ирэх тавдугаар сард авто замыг нь өргөтгөхөөр ажиллаж буй. Гэвч зарим аж ахуйн нэгж Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг буюу суурьшлын бүс дотор үйлдвэр барьж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өдгөө тэнд 10 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүний улмаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил гацаж, агаар орчны бохидол ихсэж буй талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.Алтантөгс хэлсэн юм. Тус хороонд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй "Пример инвестмент групп" компанийн захирал Н.Мягмардорж "Өнгөрсөн жилээс энд шинээр гурван үйлдвэр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Зуун айлд бизнес эрхлэгчид айлын хашааг худалдаж аваад л хөөсөн хавтангаар барилга бариад үйлдвэрлэл явуулдаг боллоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа хандсан боловч арга хэмжээ аваагүй. Үүнээс болоод бидний ажил гацаад орлоо. Хорооны газар нутгийг орон сууцжуулж буй ч агаар, хөрсний бохирдол огт буурахгүй байгаа. Газраа чөлөөлж, орон сууцанд орсон иргэд эдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолгож өгөөч, цонхоо ч нээх арга алга хэмээн байнга гомдоллодог" гэсэн юм.
Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар дээр үйлдвэрийн барилга барьж болохгүй заасан талаар нийслэлийн Газрын албаны орлогч дарга О.Нямдаваа онцолсон. Өмнө нь тэнд голдуу авто засварын газрууд үйлчилгээ эрхэлдэг байсан бол өдгөө вакуум цонх, тавилгын үйлдвэрүүд олноор нэмэгдсэн талаар оршин суугчид ярилаа. Иргэд "Үүйлдвэрийн ажилчид юу түлдгийг нь мэдэхгүй юм, өтгөн хар утаа л яндангаар нь гарч байдаг. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй компанитай газар чөлөөлөх гэрээ хийсэн иргэдийн газрыг барилгын дэлгүүрийн эзэд өндөр үнээр авдаг болсон гэж дуулдсан. Тэгээд л Зуун айлаас үйлдвэрээ энд нүүлгээд ирчихэж байгаа юм. Холбогдох албаныхан анхаарлаа хандуулахгүй бол энд барилгын материалын үйлдвэрийн зах нээгдэх нь" гэж ярьсан.
Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга "Суурьшлын бүс дотор үйлдвэрлэл эрхэлж, тэр дундаа агаарыг бохирдуулж буй эдгээр байгууллагын эзэдтэй уулзаж, асуудлыг шийднэ. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж, дэд бүтцийг нь сайжруулна. Зуун айл орчимд өдгөө 400 орчим үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрийг хотоос гаргана. Энэ хүрээнд Налайх дахь Барилгын материалын үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийг сайжруулж байгаа" гэв. Мөн тэрбээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж, суурьшлын бүс доторх үйлдвэрийг нүүлгэж, шинээр бариулахгүй гэдгийг хэлсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 1 )
Хэн ч чадахгүй. Сонгууль хийхээ больсон цагт магадгүй тэрнээс хэнч чадахгүй өөрсөндээ дайсантай болохыг улс төрчид огт хүсэхгүй. Барилгын материал авах гээд хэн налайх явах вэ дээ.