Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын цалин буурах хандлагатай байна

2019 оны 01 сарын 27

Хөдөлмөрийн насны хүн ам 2018 оны III улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.3  хувиар өсч 2,172 мянгад хүрчээ. Тодруулбал, эдийн засгийн идэвхигүй хүн ам 840 мянга, эдийн засгийн идэвхитэй хүн ам 1,331 мянга. Үүн дотор ажиллагсад 1,239 мянга, ажилгүй иргэд 92 мянга байна.

 

Эдийн засгийн идэвхитэй хүн амын өсөлт нэмэгдсэнээр ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оны мөн үеэс 0.2 нэгж хувиар өсч, 61.3 хувьд хүрсэн. Ажиллагсдын өсөлт хөдөлмөрийн насны хүн амын өсөлтийг давснаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар өсч, 57 хувьтай гарлаа.  Нийт ажиллагсад  2018 оны III улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4  хувиар нэмэгдэж, 1,239 мянга болов. Үүнд уул уурхай, боловсруулах, худалдаа, тээвэр зэрэг үйлдвэрлэл нь идэвхжиж байгаа салбарууд болон төрийн удирдлага, боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын өсөлт эерэгээр нөлөөлсөн бол хөдөө аж ахуйн салбарт ажиллагчид буурчээ.

 

Харин ажил эрхлэлтийн статусаар авч үзвэл сүүлийн улирлуудад хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон цалин хөлстэй ажиллагсад нэмэгджээ.

 

Иргэдийн орлогын үндсэн үзүүлэлтүүдийг авч үзвэл улсын дундаж цалин 2018 оны III улиралд өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өсч, 1031.8 мянган төгрөгт хүрээд байгаа бол медиан цалин 6.1 хувиар нэмэгдэж, 732.7 мянган төгрөг болсон байна. Харин иргэдийн худалдан авах чадварыг илэрхийлэх хэрэглээний үнийн индексээр засварлагдсан бодит цалин өмнөх оны мөн үеэс 2 хувиар өсчээ.

 

Өрхийн дундаж нийт мөнгөн орлого  өмнөх оны мөн үеэс 14.7  хувиар өсч 1,169 мянган төгрөг; үүнээс цалингийн орлого 12.1 хувиар нэмэгдэн 589 мянган төгрөгт хүрээд байна.

 

Эдийн засгийн үйл ажиллагааны үндсэн салбаруудын хувьд дундаж цалин 632-2,394 мянган төгрөгийн интервалд байна. Үйлдвэрлэл нь идэвхжиж буй уул уурхай, боловсруулах, худалдаа болон төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад ажиллагсдын дундаж цалин сүүлийн улирлуудад харьцангуй өндөр өсөлттэй байгаа бол ХАА-н салбарт ажиллагсдын цалин буурах хандлагатай байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарь(103.229.120.204) 2019 оны 01 сарын 27

Махны үнэ өсч байхад яагаад орлого буураг гэж?

0  |  0
Top