Венесуэлийн сөрөг хүчин АНУ-ын цэргийн төлөвлөгөөг дэмжихгүй

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

Венесуэлийн сөрөг хүчин тус улс дахь хямралыг цэргийн хүчээр шийдвэрлэх АНУ-ын хувилбарыг дэмжихгүй гэж Америкийн улсуудын байгууллага дахь Хуан Гуаидогийн тусгай төлөөлөгч Густаво Тарре мэдэгдсэн тухай РИА Новости агентлаг мэдээлжээ. Сөрөг хүчнийхэн засгийн эрхийг энхийг замаар шилжүүлнэ гэж найдаж байна гэжээ.  

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгчөөр өргөмжлөөд буй Хуан Гуаидотой утсаар ярьжээ. Цагаан ордны мэдээлснээр АНУ-ын төрийн тэргүүн түүнд ерөнхийлөгчийн албан тушаалд орсонд баяр хүргээд Венесуэлд ардчиллыг тогтоохын төлөөх тэмцлийг баттай дэмжинэ гэдгээ нотолсон байна.

 

Өчигдөр /2019.01.30/ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “Сайхан Венесуэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд засгийн газраас нэг тэрбум евро зарцуулна гэж мэдэгджээ. Хөтөлбөрийн хүрээнд тус улсын 62 хотод хөрөнгө оруулалт хийж, Латин Америк дахь хамгийн гоё, орчин үеийн хот болгон хөгжүүлэхэд зарцуулах юм байна.

 

Энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Венесуэлд Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн жагсаал, цуглаан эхэлсэн. Парламентын дарга Хуан Гуаидо өөрийгөө тус улсын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч хэмээн зарласан бөгөөд түүнийг АНУ, Бразил, Канад, Аргентин, Чили, Колумб, Коста-Рика, Гватемал, Гондурас, Панам, Парагвай, Перу, Гүрж, Албан зэрэг улсууд хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top