Дэлхийн хөгжингүй орнууд ТИНК ТАНК-уудыг ашиглаж байна

2019 оны 02 сарын 01

Хөгжих дэвшихийн тулд дэлхийн чиг хандлагыг сайтар ажиглан судалж, өөрсдийн нөөц бололцоогоо зөв зохистой удирдахад судалгаа, баримт мэдээллийн найдвартай байдал чухал үүрэгтэй. Өчигдөр /2019.01.31/ “Баримт мэдээлэл болон тинк танкуудын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс санаачлан ХБНГУ-ын “Конрад Аденауэр сан”-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг арга хэмжээ нь  АНУ-д төвтэй Пенсилванийн их сургуулийн дэргэдэх "Тинк танкууд болон иргэний нийгмийн хөтөлбөр"-ийн зүгээс зохион байгуулдаг жил тутмын хэлэлцүүлэг болон Тинк танк индексийн нээлт, танилцуулгын хүрээнд хийгдлээ.

 

Дэлхий даяар 75 улсад, 255 байгууллага тинк танкийн хэлэлцүүлэг, арга хэмжээнүүдийг нэгэн зэрэг зохион байгуулсан аж.

 

Уншигч та Тинк танк гэж юу вэ? гэдэг асуултад хариулт авахыг хүсч буй болов уу. Тэгвэл улс төр судлаач, доктор Д.Бадамдаш энэ талаар “Тинк танк гэдэг нь бодлогын судалгаа хийж, тодорхой шийдлийн хувилбарыг боловсруулан, санал болгож, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж товчхон тодорхойлж болно. (Think tank гэсэн нэр томъёог бодлого судалгааны төв, хүрээлэн, бодлогын төв гэх мэтээр орчуулж болох мэт боловч нэр томьёоны зөрүүнээс зайлсхийж энэ хэвээр нь галиглан хэрэглэсэн болно.)

 

Тинк танк яагаад чухал вэ? гэдэгт:


Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын аппарат дахь бодлого боловсруулах чадамж илүү боловсронгуй болсон ч гэсэн тинк танкуудын судалгааг үнэлж үзэх дараах үндэслэл байдаг. Нэгд, Засгийн газрын түвшинд тогтсон хандлагыг “эвдсэн” бүтээлч санал бага гардаг байхад тинк танкууд илүү холыг харсан бодитой судалгаа гаргаж чадна гэж үздэг. Хоёрт, дээрхтэй холбоотойгоор засаг захиргааны түвшинд стандартчилагдсан горимын дагуу “явцуу” хүрээнд шийдэл гаргадаг бол тинк танкууд өөрчлөлтийг зоригтой санал болгож чаддаг аж. Гуравт, тинк танкууд сонирхлын зөрчлөөс ангид шинжээчдийг бүрэн дайчилж, хамтран ажиллах бүтэц бий болгож чаддаг давуу талтай гэж үздэг аж.

 

Түүнчлэн мэдээ мэдээллийн өнөөгийн эринд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн найдвартай, бодит мэдээллийн ач холбогдол өсөн нэмэгдсээр байна. Тинк танкийн үйл ажиллагаа нь мэдээлэл дамжуулах, судалгаа шинжилгээний үр дүнг сурталчлах, нийгэмд шинэчлэл хувьсал үүсгэх үйл явц юм. Дэлхийн хөгжингүй улсуудад Think-Tank буюу Policy Research Institute-уудыг ашигладаг жишээ маш их байна.

 

Дэлхийн улс орнууд дахь  тинк танкуудын жишээ


 Brookings Institution (US), KDI (Korea Development Institute), Chatham House (UK), IIED (International Institute for Environment Development, UK) болон KAS, Friedich Ebert сан (Germany) гэх мэт салбар салбараараа дагнасан хүрээлэнгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж төрийн бодлогоо зөв ул суурьтай гарахад чухал нөлөө үзүүлж байна.

 

 Урд хөрш БНХАУ-д л гэхэд нийт тинк танкуудаа эрэмбэлэн, шилдэг тинк танкуудын төлөөллөөс төрийн бодлогын зөвлөлүүддээ оруулан, судалгааны үр дүнгээс бодлогодоо тусгах зэргээр маш их ач холбогдол өгч байгааг судлаач дурдаж байна.

 

Тодотгоход, баримт мэдээлэл, судалгаа шинжилгээний үр дүнг түгээх, мэдээлэхэд хэвлэл, мэдээллийн үүрэг оролцоо хэзээд чухал байсаар ирсэн. Баримт мэдээллийг нягтлан шалгах, сэтгүүлзүйн мэргэжлийн ёсзүй өндөр байх ёстой. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо улам бүр өсөн нэмэгдэж, мэдээ мэдээллийн найдвартай байдалд тинк танкууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтой гэж  арга хэмжээг зохион байгуулагчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ли Чень(103.111.68.3) 2019 оны 02 сарын 01

Манайд шарк танк гэсэн ярзайсан царай зүстэй хужаа нар хэдэн унгас алдацгаасан богинохон мөчтэй бүдүүн авгай нар бий.тэдний тинк танктай зүйрлэжэ болнаа ваа?

0  |  0
Top