Өнгөрч буй хоёр долоо хоногийн хугацаанд цэргийн албанд явсан хоёр ч байлдагч цаг бусаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Эдгээр хэргүүдээс гадна төрийн өндөр албан тушаалтнуудыг саатуулсан, мөн батлан даалтад гаргасан гэх үйл явдлууд өрнөж, зарим онц ноцтой хэргүүдийг прокурорын байгууллагаас хаалаа. Өнгөрөгч хоёр долоо хоногийн хугацаанд гарсан онц ноцтой хэргүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн багц мэдээллийг ZINDAA.MN сайтын Хууль эрх зүйн албанаас тоймлон хүргэж байна.
-ТАЛИЙГААЧ Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ХЭРГИЙГ БҮР МӨСӨН ХААЛАА-
Өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч" апартментийн 11 давхраас 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Энэхүү хэрэг гарснаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Ч.Чамин-Эрдэнэ агсны амь нас хохирсон хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, НЦГ-ын Мөрдөн шалгах газраас хяналт тавьж ажилласан. Хэрэгт холбоотой сэжиг, таамаг бүрийг нарийвчлан шалгахад талийгаачийн амь биед халдсан, амиа хорлоход нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул цагдаагийн байгууллага хэргийг хаах саналаа хяналтын прокурорт шилжүүлж, хэргийг эцэслэн тогтоож, хаах саналыг шүүхэд хүргүүлсэн.
Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Н.Баттөмөр "Талийгаачийн унасан “Кэй Эйч” апартмент хотхоны камерын бичлэгүүдийг шалгахад, Ч.Чамин-Эрдэнэ агсан хэрэг болсон өдөр буюу 2018 оны аравдугаар сарын 24-ний 10.35 цагт 6-Б байрны 10 давхраас цахилгаан шатаар Б1 давхарт бууж, гараашаар дамжин, 6-Д байрны 11 давхарт цахилгаан шатаар ганцаараа гарсан байна. Хэргийн газрын үзлэгээр 6-Д байрны 14 дүгээр давхрын коридорын салхивчны ирмэг, бариул хэсэгт, гарын мөр илэрсэн. Шинжилгээ явуулахад Ч.Чамин-Эрдэнэ агсны гарын хээтэй тохирсон. Мөн талийгаачийн цогцсоос олон тооны гэмтэл илэрсэн бөгөөд тэдгээр нь өндрөөс унах үед үүссэн байх боломжтойг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон’’ хэмээв.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр уг хэргийг Прокурорын газраас хаах саналыг зөвшөөрч, талийгаачийн ар гэрийнхэнд танилцуулсан байна. Гэвч талийгаачийн ах Г.Чимэдхүү нь гадаад улсад хэргийн зарим нотлох баримтуудыг шинжлүүлэхээр хүсэлт гаргаад байгаа юм.
-ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨӨ НУУН ДАРАГДУУЛСАН, АЛБА ХААГЧДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ-
Өнгөрөгч долоо хоногт Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудыг авлигын хэргээр баривчилж бас сулласан өдрүүд боллоо. Тухайлбал, Авлигатай тэмцэх газраас "Петровис" компанийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан баривчилсан. "Петровис" компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нь "Панамын баримт бичиг"-ээр илэрсэн оффшор бүсэд данстай хүмүүсийн нэг бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс мөнгөө оруулж ирэх хугацаатай уриалга гаргасны дагуу оффшор бүсээс 4.3 сая ам.доллар оруулж ирсэн гэгддэг.
Үүний дараа Сангийн сайд асан С.Баярцогтыг авлигын хэрэгт холбогдуулан цагдан хориод байсан бол нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг цагдан хорих үндэслэлгүй хэмээн батлан даалтад гаргаад байгаа юм.
Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн өндөр албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор ХОМ-ээ өгөх хуультай. Гэвч өнгөрсөн жил зарим албан тушаалтнууд хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан гэх шалтгаанаар ажлаасаа халагдаж, сахилгын арга хэмжээ авахуулсан юм. Тухайлбал, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл 140 сая төгрөгийн хөрөнгөө нуун дарагдуулсан, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа 101 сая төгрөгийн хөрөнгөө нуун дарагдуулсан гэх мэт зөрчлүүд илэрсэн тул тэдэнд АТГ-ын саналын дагуу албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авлаа.
-МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Ш.АЛТАНТУЯАГИЙН АМЬ НАСАА АЛДСАН ХЭРГИЙГ ШҮҮЖ БАЙНА-
Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 23-нд эхэлсэн. Уг шүүх хуралд хохирогчийг төлөөлж, Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Хүний эрхийн үндэсний комисс, талийгаачийн хүү ба үеэлүүд, түүний эцэг, эх оролцож байна. Тэдгээр хүмүүс уг хэргийн талаар өөрсдийн мэдэх ноцтой баримт, мэдээллүүдийг өгөөд байгаа ба зарим гэрч нар сэтгэлзүйн асуудалд орсон тул шүүх хурлын зарим товыг хойшлуулж байна.
Хэргийг сануулбал, Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хоёр цагдаад цаазын ял оноосон хэдий ч хэрэгтнүүд сул чөлөөтэй байгаа хэвээр, энэ хэргийг захиалагч нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ”2006 оноос хойш 13 жилийн турш бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа энэ хэргийг Малайзын Холбооны Улсын шинэ Засгийн газрын зүгээс анхаарч, тодорхой ахиц гарч байна. Энэ долоо хоногоос эхлэн 10 гаруй хоног үргэлжлэх шүүх хуралдаанд талийгаачийн аав С.Шаарийбуу, гэрч, өмгөөлөгчийн хамт оролцохоор Куала Лумпур хотыг зорьсон. Тус яамны зүгээс шаардлагатай туслалцааг үзүүлж байгаа бөгөөд дээрх иргэдийн замын зардлыг шийдвэрлэсэн. Мөн Бангкок дахь манай улсын ЭСЯ-ны төлөөлөгч шүүх хуралд оролцохоор газар дээр нь ажиллаж байна. Иргэний хэргийн шүүх шударга ёсыг дээдлэн, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, талийгаачийн гэр бүлд тохиолдсон уй гашуу, гарз хохирлыг барагдуулна гэдэгт бид гүнээ итгэж байгаа, шүүх хуралдааныг анхааралтай ажиглах болно” гэсэн юм.
Сүүлчийн мэдээллээр талийгаач Ш.Алтантуяагийн хүү Б нь шүүх хурлын үеэр мэдүүлэхдээ “Эцэг, эхийн маань нэрнээс үүдээд надад дарамт маш их ирдэг байсан. Тиймээс би нэрээ солиулахад хүрсэн. Ээж маань маш энэрэнгүй сайхан сэтгэлтэй хүн байсан” хэмээжээ. Уг хэргийн шийдвэрийг хэрхэн гарахыг хүлээж байна.
-ХАМТРАН АМЬДРАГЧ НАР БИЕНЭЭ ХУТГАЛААД, ӨНДРӨӨС УНАЖ АМЬ НАСАА АЛДЖЭЭ-
Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших орон сууцны дээврээс хоёр хүн унаж, амь насаа алдсан тухай мэдээллийг өнгөрөгч долоо хоногт бид хүргэсэн.
Хэргийг тодруулбал, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн өндрөөс үсэрч, амиа алдсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулсан байдаг. Цагдаагийн алба хаагчдыг хэргийн газарт очиход тус байранд оршин суудаг байсан хоёр иргэн таван давхраас унаж, эмэгтэй нь газар дээрээ нас барсан байжээ. Харин эрэгтэй нь түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэгдсэн даруйдаа амьсгал хураасан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хамтран амьдарч байсан гэх 22 настай М гэгч нь Э-гийн хүзүүн тус газарт хутгалж хөнөөгөөд, дараа нь таван давхрын цонхноос үсэрч, амиа алдсан байдаг. Энэхүү хэргийн мөрдөн шалгалтыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст явуулж байна.
-ХОРИГДОЛ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН МАШИН ОСОЛДОЖ, ХОЁР ХҮН НАС БАРАВ-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлууд гэмтэж, нэг нь нас барсан хэрэг гарсан. Нэгдүгээр сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчимд ШШГЕГ-ын харьяа 439-р хаалттай хорих ангийн хоригдлуудыг мод бэлтгэлийн ажилд авч явах замд автомашин нь осолдож, нэг хүн нас барж, дөрвөн хүн гэмтсэн гэх мэдээллийг тухайн үед албаныхан өгч байсан. Гэвч хамгийн сүүлийн мэдээллээр, уг ослын улмаас хүн амины хэргээр яллагдсан 40 настай А, хүчирхийллийн давтан хэргээр ял шийтгэгдэж байсан 32 настай Н нар нас барж, тус хорих ангийн аж ахуйн албаны хоёр ажилтан хүнд гэмтэл авч, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
-ЦЭРГИЙН АЛБАНД МОРДСОН ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ-
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг А амиа алдсан хэрэг гарсан. Арван хэдхэн настай хүүгээ цэргийн албанд явуулаад, цогцсыг нь хүлээж авсан талийгаачийн ар гэрийнхэн хүүгээ гадны нөлөөтэй нас барсан гэж үзэж байгаа. Энэ талаар талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Э.Билгүүн "Эрүүгийн хуульд зааснаар ЦЕГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой байтал талийгаач золгүй байдлаар нас барсан гэж ташаа мэдээлэл түгээж байна. Тус ангиас цэргүүдийг тахир дутуу болгож байсан олон удаагийн явдал гарч байсан. Талийгаачийг гүйж байгаад бахардаж үхсэн гэж яриад байгаа. Хамт гүйж байсан цэргүүд нь бахардсан байхад нь зодсон гэдгийг гэрчилж байгаа. Байлдагч А нь гүйж байгаад орж ирээд, хувцсаа ч өлгөж чадахгүй байж байгаад ухаан алдаж унасан байдаг. Нэг цагийн дараа эмч ирж үзэхэд амиа алдсан байсан. Байлдагч А бие бялдарын хувьд цоо эрүүл, суурь өвчингүй байсан. Тийм ч учраас цэрэгт тэнцсэн. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч талийгаачийг нас бараад ганцхан хонож байхад гадны нөлөөгүй гэж мэдээлсэн нь хууль бус үйлдэл” хэмээсэн юм.
Энэхүү үйл явдлын талаар, Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс тус ангид, цэргийн дүрэм зөрчигдсөний улмаас цэргүүдийн хооронд маргаан үүссэн. Гэвч ангийн удирдлагууд сахилгын шийтгэлийг зүй бусаар ногдуулж, улмаар цэргийн алба хаагчийн бие муудсан. Гэвч цэргийн үхэлд уг сахилгын шийтгэл хамаатай эсэхийг хуулийн байгууллага тогтооно гэх тайлбарыг өгсөн юм. Харин уг хэргийг шалгаж буй цагдаагийн байгууллагаас, шалгалтын явцад цэргүүд нэгнээ зодсон гэх нөхцөл байдал тогтоогдсон боловч энэхүү гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болсон эсэхийг нарийвчлан тогтоогоогүй байна хэмээсэн байдаг.
Хэргийн мөрдөн шалгалтын ажиллагааг Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч, тус ангийн захирагч болон ээлжийн ахлагч нарыг түр саатуулаад байгаа юм.
-ЗЭВСЭГЛЭСЭН ЦЭРЭГ ХИЛ ДАВАН ОРГОЖ, ТУВАД АМИА АЛДАВ-
Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргож, сураггүй болоод байсан юм. Тэгвэл оргосон цэрэг ОХУ-ын Тувад амиа алдсан тухай бид мэдээлсэн. ОХУ-ын хилийн цэргүүдэд бүслэгдэх үедээ өөрийнхөө амийг егүүтгэсэн гэх албан бус мэдээлэл байгаа ч албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач цэрэг гадны нөлөөтэй нас барсан гэдгийг хэлж байна.
Энэ талаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас ямар нэгэн албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа ба "Оросын нутаг дэвсгэрт гарсан хэрэг учраас тус улсын хуулийн байгууллага шалгана" гэх тайлбарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өгөөд байна.
Оргосон цэрэг 50 ширхэг сум болон буутай явсан гэдэг мэдээллийг Хилийн цэргээс өгч байв. Амиа алдсан цэрэг нь Завхан аймгийн Асгат сумаас цэргийн албанд татагдан очсон байжээ. Дээрх хэргийн талаар ZINDAA.MN сайт дэлгэрүүлэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 14 )
Үр хүүхдээ цэрэгт явуулахаас айж байна.
жанжин штабын даргыг солье дайны үе биш энгийн үед цэрэг амь алдана гэдэг байж болшгүй асуудал биз дээ
Батлан хамгаалахын сайдыг цэргийн хүнээр тавья.Гадныхныг дууриаж энгийн хүнээр тавьсаны гай.
Н. Энхболдыг яаралтай огцруулаач! Ажилаа мэдэхгүй, тэр сэтгүүлчийг асуухад уурлаж нтр. Угаасаа цэрэгт хогын яргалал байдгыг ах нар ч ярьдаг байсан, бүгд мэдэж байгаа юмыг нотолгоо нэхэж уурлаж нтр. Зайлуулаач наадхаа...
N.Enhboldyg ogtsruulaachee man namaa urvagch hulgaich
Batlan hamgaalahiin saidiig uter turgen ogtsruulaachee hurelsuhee
Юу ч хийдэггүй, хийж чадах ч үгүй. Сэтгүүлчид юм асуухаар урдаас нь загнаж зандардаг Н.Энхболдыг бушуу зайлуулах хэрэгтэй
gadnii nuluutei gej baina alaad hil dawuulsan ni oilgomjtoi bolood ywchihlaa manai tsergiin angiud uneheer uurchlult hiihgui bol bolohoo bolchihson gazar baina
Hudalch nyamdorj ajilaa uguud zailah heregtei
Хулгайч, дээрэмчид Нямдоржийг ажлаа өгүүлэхийг нь тэсч ядан хүлээж байгаа нь илт байна.
nyamdorj ajlaa og
Н.ЭНХ60ЛД , ШАХАА НЯМДОРЖ НАР ЗАЙГАА ТАВИХ ЦАГ БОЛСОН !!!
Юу болоод байна аа, эхлээд цагдаа хувцастай хөөрхөн хүүхэн гарч ирээд гадны нөлөөгүй гэж зарласны дараа дараа дараагийн мэдээ явах ёстой биз дээр.