Дональд Трамп, Ши Жиньпин нар гуравдугаар сард уулзана

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт энэ оны гуравдугаар сард АНУ-ын тэргүүний эзэмшил Мар-а-Лагод болж магадгүй гэж Axios сайт мэдээлэв.


 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын төрийн тэргүүний зөвлөхүүд холбогдох яриа хэлцлийг явуулж байгаа бөгөөд Вашингтон, Бээжингийн хооронд үүсээд буй худалдааны дайныг төгсгөх боломжтой дээд хэмжээний уулзалт болох хамгийн тохиромжтой газрыг Мар-а-Лаго гэж нэрлэжээ. Гэхдээ уулзалт болох газрыг одоогоор батлаагүй байна. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, Трампын засаг захиргаа Бээжин хотод дээд хэмжээний уулзалтыг явуулах боломжийг судалж байгаа гэнэ.

 

Өнгөрсөн долоо хоногт, Трамп Ши Жиньпинтэй хийх уулзалтын тов, газрыг тогтоогүй байгаа гэж мэдэгдээд, гэхдээ энэхүү уулзалт худалдааны дайны “галыг зогсоох” хугацаа дуусах өдөр буюу гуравдугаар сарын 1-нээс өмнө болохгүй гэж онцолсон.

 

Дональд Трамп, Ши Жиньпин нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Аргентин улсад болсон Их-20 бүлгийн уулзалтын үеэр худалдааны дайны “гал” гурван сарын хугацаанд зогсоож, энэ хугацаанд хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээр байгуулах зорилт тавьсан. Цагаан Ордны тэргүүн төлөвлөж байсанчлан нэгдүгээр сарын 1-нээс Хятадын нийт 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг 10-наас 25 хувь болтол нэмэгдүүлэхгүй байх амлалт өгсөн юм.

 

Худалдааны хэлэлцээр байгуулах хугацаа энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр дуусна. Энэ хугацаанд талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол, АНУ гаалийн татвараа нэмэгдүүлэх юм.

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top