АНУ-ын хууль тогтоогчид “Шатдаун”-аас зайлсхийх тохиролцоонд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

АНУ-ын Конгрессын гишүүд хилийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай санхүүжилтийн талаар урьдчилсан тохиролцоонд хүрч, бямба гарагт /2019.02.16/ өдөр эхлэх засгийн газрын үйл ажиллагааны дараагийн хэсэгчилсэн зогсолт буюу “шатдаун”-аас сэргийлэх боломжтой болжээ. Хууль тогтоогчид гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

 

Бүгд найрамдах намаас гарсан сенатор Ричард Шелби энэ оны есдүгээр сарын 30-нийг хүртэл хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар зарчмын хувьд тохиролцоонд хүрлээ гэж онцлоод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн зурваст хана босгоход шаардлагатай санхүүжилтээ авах эсэх талаар тодорхой зүйл хэлээгүй байна. Тэрбээр АНУ-ын тэргүүн энэхүү тохиролцоог дэмжинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дональд Трамп хилийн хана барихад шаардлагатай 5.7 тэрбум ам.долларын санхүүжилтийг шаардсанаас үүдэлтэй 35 хоног үргэлжилсэн засгийн газрын “шатдаун” өнгөрсөн сард дуусгавар болсон хэдий ч тэрбээр шаардлагатай санхүүжилтээ авч чадаагүй.

 

Трамп засгийн газрын үйл ажиллагааг гурван долоо хоногийн туршид дахин нээж, Конгрессын гишүүдэд энэ санхүүгийн жил дуусах хүртэл буюу есдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх засгийн газрын санхүүжилтийн талаар тохиролцоонд хүрэх хугацаа олгосон юм.

 

Энэ долоо хоногийг баасан гарагт /2019.02.15/ Дотоодын аюулгүй байдлын яам, Хууль зүйн яам болон хэд хэдэн холбооны агентлагуудын санхүүжилтийн хугацаа дуусах аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top