Ши Жиньпин АНУ-ын сангийн сайдтай уулзана

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх баасан гарагт /2019.02.15/ худалдааны хэлэлцээ хийхээр Бээжин хотноо хүрэлцэн ирээд буй АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, сангийн сайд Стивен Мнучин нартай уулзахаар төлөвлөж байна гэж South China Morning Post сонин мэдээлжээ.

 

АНУ-ын төлөөлөгчдөд зориулж хятад хоолны ресторанд хүлээн авалт хийх бөгөөд хүлээн авалтад БНХАУ-ын шадар сайд Лю Хэ оролцох аж.

 

БНХАУ, АНУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ Бээжин хотноо хоёрдугаар сарын 14-15 болох бөгөөд АНУ-ын төлөөлөгчид урьдчилсан хэлэлцээ хийхээр энэ даваа гарагт /2019.02.11/ Бээжин хотод ирээд байгаа юм.

 

Бээжин хотноо болох уулзалт тус хоёр улсын хооронд үүсээд буй худалдааны дайны “галыг зогсоох” хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө болж байна. Талууд энэ оны гуравдугаар сарын 1-нээс өмнө тохиролцоонд хүрч чадахгүй бол АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа, бүтээгдэхүүнд ногдуулж буй гаалийн татвараа хоёр дахин нэмэх юм.

 

Мягмар гарагт /2019.02.12/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улстай ашигтай хэлэлцээ хийхийг эрмэлзэж буйгаа илэрхийлээд худалдааны дайны галыг зогсоох хугацааг хойшлуулах боломжтой хэмээн мэдэгдсэн юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top