Дональд Трамп онц байдал тогтооно

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хил дээр босгохоор төлөвлөж буй ханыг санхүүжүүлэхийн тулд онц байдал зарлана гэж Цагаан ордноос мэдээллээ.


Засгийн газрын үйл ажиллагааны ээлжит хэсэгчлэн зогсолтоос зайлсхийх үүднээс тэрбээр хилийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд гарын үсэг зурах бөгөөд Конгрессын батлахыг хүлээлгүйгээр хилийн ханын санхүүжилтийг цэргийн сангаас гаргана гэж мэдэгдэлд онцолжээ.


Ардчилсан намынхан үүний хариуд ”Трамп эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна” гэж шүүмжилжээ.


Хилийн хана босгох нь Дональд Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Конгрессоор шийдвэрлүүлж чадахгүй байгаа юм.


Хилийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд хилийн аюулгүй байдлыг хангах, хаалт барихад зориулж 1.3 тэрбум ам.долларыг тусгасан ч Трамп 5.7 тэрбум ам.долларын санхүүжилт шаардаж байгаа билээ.


Пүрэв гарагт /2019.02.14/ Сенатын танхим хилийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг баталж, Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцүүлэхээр шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top