"Хамтдаа хэлэлцье" аяныг орон даяар зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ноос Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэх санаачлагыг гаргаж, “Хамтдаа хэлэлцье” аяныг орон даяар эхлүүлэхээр болжээ.  Энэ тухай УИХ-ын гишүүн З.Нарантуяа, АЭХ-ны ерөнхийлөгч  С.Одонтуяа,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Р.Булгамаа нар өнөөдөр /2019.02.18/ хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өглөө.

 

"Эх орноо гэсэн сэтгэл өрх гэрээс эхэлдэг" уриан дор зохион байгуулагдах энэ удаагийн аян ирэх сарын 01-нээс зургадугаар сарын 01-нийг хүртэл  үргэлжилж "Миний гэр бүлийн аз жаргал" сэдэвт гар зураг, эссэ бичлэг, илтгэл, нийтлэл, гэрэл зургийн уралдааныг тус тус зохион байгуулах юм байна. 

 

Гэр бүлийн хууль нь Монгол хүн бүр, өрх бүрийн амьдрал, өрхийн гишүүдийн харилцааг зохицуулдаг нийгмийн харилцааны хамгийн чухал суурь хууль юм.  Тиймээс ч АЭХ энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж байгаа аж. Аяны хүрээнд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулан,  өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд саналуудыг нэгтгэж,  Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөжээ. 

 

1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль нь өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй байгаагаас гэр бүлийн харилцаанд тулгарсан олон асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн боломжууд хаалттай хэвээр байна. 2018 онд 2945 гэрлэлт цуцлагдаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах 1146 хэрэг, эцэг тогтоох 392 хэрэг шийдвэрлэгдсэн нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон эцэг, эхийн тоо 76893-т хүрсэн нь гэр бүлийн асуудал төрийн бодлогын эхэнд эрэмбэлэгдэх зүй ёсны шаардлага бий болсныг харуулж байгааг АЭХ-ноос хэлж байлаа.

 

Гэр бүлийн тухай (шинэчилсэн найруулга) хууль нь 2014-2016 онуудад УИХ-аар хэлэлцэгдэж байсан боловч батлагдахгүй өнөөдрийг хүрсэн. Энэхүү хууль батлагдсанаар төрөөс гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, гэр бүлд тулгамдсан асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхзүйн боломж нээгдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top