С.Амарсайхан: БЗД-ийн сонгуулийн маргаантай холбоотой ямар ч тогтоол гаргахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн /2019.02.21/ ээлжит хуралдаанаар Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах эсэх асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдаанаар дүүргийн нөхөн сонгуультай холбоотой ямар нэгэн тогтоол, шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзэв. Учир нь, НИТХ-аас холбогдох тогтоол, шийдвэрээ өнгөрсөн онд гаргачихсан аж.

 

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Бид тогтоол гаргах шаардлагагүй. Сонгуулийг зохион байгуулахтай холбоотой тогтоолоо гаргаад оны өмнө явуулчихсан. Хэрэв хуулийн хүрээнд сонгууль зохион байгуулж байгаа бол асуудал алга" хэмээн ярилаа. 

 

Харин НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун "Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль зохион байгуулахтай холбоотой мэдээлэл байна. Тогтоолын төсөл алга, нөхөн сонгууль зохион байгуулах төсвийг хэн гэдэг хүн өргөн барьсан гэдэг нь тодорхойгүй байна. Ийм тохиолдолд шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна. Хүн амын 11 хувь нь амьдардаг. Энэ ч утгаараа асуудлыг шийдээд явах ёстой. Гэхдээ хуулийн хүрээнд л шийдэх шаардлагатай. Түүнээс ямар нэгэн дарга дур мэдээд шийдэх боломжгүй. Нутгийн удирдлагыг ямар нэгэн байдлаар улстөржүүлэхгүй байхыг л хүсч байна" гэв.

 

Тэгвэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга "Мөнгө тараасан, хууль зөрчсөн нь тогтоогдсон. Нөхөн сонгууль явуулахаар болсон. Харин 10 дугаар тойрогт нэр дэвшсэн Эрдэнэсайхан шүүхэд гомдол гаргасан. Гэвч гурван шатны шүүхээс мөнгө тарааж, хууль зөрчсөн болохыг нь тогтоосон байдаг. Харин 19 дүгээр тойргийн хувьд ч хууль зөрчсөн гэж үзсэн. Энэ маргаан явсаар Дээд шүүхийн Хяналтын шатны шийдвэрээр эцэслэгдэн шийдэгдсэн. Найман сарын өмнө тогтоол гарсан. Гэвч нөхөн сонгууль явуулах тогтоолтой холоотой гомдол гарсан. Сонгууль явуулах хугацаа нь гуравдугаар сарын 27-нд санал авах өдрийг тогтсон" гэх мэдээллийг төлөөлөгчдөд өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top