100 айлын дахин төлөвлөлтийн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийлээ

2019 оны 02 сарын 22

“Зуун айлын барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг”-ээс тухайн бүсэд дахин төлөвлөлт хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулагчидтай өчигдөр /2019.02.21/ уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар болон барилгын компаниудын төлөөллүүд оролцлоо.

 

Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хийсэн ололт болон алдаа дутагдалтай ажил юу байсан, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд ямар асуудлууд үүссэн, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломж байгааг тодорхойлох нь тус уулзалтын зорилго байв.

 

Ажлын хэсгээс үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг уулзалтын эхэнд хийсэн бол холбогдох байгууллагууд тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Тухайлбал, барилга барихаар төлөвлөсөн XI хорооны хэсэгт дэд бүтэц, дулааны шугам татах боломжгүй байгаа аж. Айл өрхөөс худалдан авсан газрын өмчлөлөө эргүүлээд аж ахуйн нэгжээр бүртгүүлэхэд 20-30 хувийн татвар төлөх шаардлагатай болж байгаа нь хөрөнгө оруулагч талд дарамт үүсгэж байгаа ажээ. Түүнчлэн авто зам төлөвлөлт, хүн амын төвлөрөл, хөрсний усны асуудал ч бэрхшээл дагуулж буйг оролцогч байгууллагууд онцоллоо.

 

“Бид хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгч талуудыг ажил эрчимжүүл хэмээн шаардахаас илүүтэй төрөөс хийх ёстой тулгамдсан асуудал олон байгаа нь өнөөдрийн уулзалтаас харагдаж байна. Иймд бид НИТХ-д болон холбогдох хороодод хандсан зөвлөмж гаргахаас гадна ажил эрчимжүүлэх зарим нэг саналыг Засгийн газарт хүргүүлж ажиллах болно” гэдгийг ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга хэлсэн үгэндээ тодотголоо.

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top