НИТХ: Тооллогын комиссоо сонгох гэж 4 дэх удаагаа завсарлав

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Хотын даргыг сонгох нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус VII хуралдаан дахин завсарлалаа. Өнөөдрийн хуралдаан жинхэнэ холион бантан болж байна. Өглөө 11.00 цагт товлогдсон хуралдаан эхэлсэн цагаасаа хойш дорвитой зүйл юу ч хэлэлцсэнгүй. Одоогийн байдлаар НИТХ дахь хоёр намын бүлэг ээлжлэн хоёр хоёр удаа завсарлага авснаар, НИТХ-ын хурал одоогоор түр завсарлаад байна. 

Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлж байгаа бол төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байгаа юм.

Хуралдаан эхэлсэн цагаас эхлэн тооллогын комиссыг сонгох тухай ярьсаар дөрөв дэх удаагаа завсарлаад байгаа нь энэ. Нийслэлийн Засаг даргыг тодруулах санал хураалтын тооллогын комиссыг таван төлөөлөгчтэй байхаар тохиролцож, НИТХ дахь МАН-ын дарга Р.Дагва “МАН-ын бүлгийн эв нэгдэлтэй хандах үүднээс бүлгээ төлөөлж таван хүнийг нэр дэвшүүлж байна” хэмээгээд Н.Батсүмбэрэл, Б.Отгонсүх, Д.Мөнхжаргал, Г.Төмөрбаатар, Д.Амарбаясгалан төлөөлөгчдийн нэрийг дэвшүүлсэн боловч олонхийн саналаар дэмжсэнгүй. Ингээд дараа нь төлөөлөгч Э.Бат-Үүлийн зүгээс төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа нарын нэрийг тооллогын комисст дэвшүүлсэн бол төлөөлөгч Б.Мөнхбатын зүгээс төлөөлөгч Ц.Сандаг-Очир, Д.Баярсайхан, Ц.Одонтунгалаг нарын нэрийг дэвшүүлсэн. 

НИТХ-ын МАН-ын бүлгээс оруулж ирсэн таван хүний нэр унасантай холбогдуулж, тус бүлгийн дарга Р.Дагва “Гурван субъектээс нийт есөн хүнийг тооллогын комисст нэр дэвшүүлсэн. МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн таван хүний асуудал уначихлаа. Тэгэхээр дөрвөн хүний нэр үлдэж байна. Бид таван хүнийг тооллогын комисст сонгох ёстой. Нэгэнт нэр дэвшилт хаачихсан учраас дахиж ярих шаардлагатай” гэснээр дахин нэг цагийн завсарлага аваад байна. 

НИТХ-ын хуралдааны Дэгийн тухай хуулиар хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах тооны хязгаарыг заадаггүй аж.


ДЭЛГЭРЭНГҮЙГ БИЧЛЭГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.217) 2019 оны 02 сарын 26

Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.

0  |  0
би(103.9.90.98) 2019 оны 02 сарын 26

заваарсан юм

0  |  0
Top