Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VlI хуралдаан өчигдөр болж төлөөлөгчдийн 56.8 хувийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгохыг дэмжсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2019.02.27/ түүний нэрийг батламжлуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүллээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас тодруулахад "Хотын даргад нэр дэвшин ялалт байгуулсан НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг өнөөдөр албан ёсоор батламжлуулахаар Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ерөнхий сайд тав хоногийн дотор хариугаа өгөх ёстой" гэх тайлбарыг өглөө.
НИТХ-ын төлөөлөгчдийнхөө олонхий саналыг авч Хотын даргаар сонгогдсон С.Амарсайхан "Та хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?" гэсэн асуултад хариулт авлаа. Тэрбээр үүнд "Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хууль журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд өөрийн эрх үүргийн хүрээнд шийдвэрээ гаргах ёстой. Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлуудыг бид бүгдээрээ мэдэж байгаа.
Бид асуудлыг холоос хайх хэрэггүй. Улаанбаатар хотын хөрс агаарын бохирдол, иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Мөн Улаанбаатар хотын бодлого, ирээдүйн хөгжилтэй холбоотойгоор ИТХ-аас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутмын ажил, амьдралтай холбоотой олон асуудлуудыг шийдвэрлэж, богино хугацаанд үр дүн гаргахын төлөө анхаарч ажиллана" хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )