"ХУУРАМЧ ШАТАХУУН"-ы хэрэг ЗОХИОМОЛ ЖҮЖИГ байсан уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

“Монголд хуурамч шатахуун борлуулж байна” гэх мэдээллийг “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос мэдэгдэж, олон мянган автомашин хэрэглэгчид хуурамч шатахуун хэрэглэж байхвий гэсэн болгоомжлол үүсч, нийгэм даяараа нэг хэсэг шуугисан. Харин Мэргэжлийн хяналтын байгууллагаас шатахуун импортлогч компаниудын оруулж ирдэг түлшний чанарыг шинжлээд, хуурамч шатахуун илрээгүй гэсэн мэдэгдлийг хийсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд талуудаас өгч байсан зөрүүтэй мэдээллийн дундаас үнэнийг олж харахад хэрэглэгчдийн хувьд хүндрэл үүсээд байв.

Тэгвэл “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-той хамтран ажиллаж байсан А.Гантамир гэж хуульч олон нийтийн сүлжээнд анхаарал татсан мэдээллийг оруулснаар ХУУРАМЧ ШАТАХУУН гэх операцийн үнэн төрх илчлэгдэж байх шиг байна.

А.Гантамирын цахим сүлжээнд бичсэнээр “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо” нь хэрэглэгчдийн эрх ашиг бус нефть импортлогч нэр бүхий компанийн эрх ашигт нийцсэн, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулж иржээ.

Тухайлбал, хуурамч шатахуун худалдаалж байна гэсэн мэдээлэлдээ зохиомол баримт олохын тулд шатахуун түгээх станцуудаас шинжилгээ авах нэрийдлээр худал хэлэн дээж авч, үүнийгээ шинжилгээнд өгөхийн өмнө зориудаар нарны гэрэл тусах газар хонуулж байжээ. Наранд өнжсөн бензин урвалд орж, чанар нь эрс муудмагч зориудаар танил лаборантаар шинжлүүлэн дүгнэлт гаргуулсан талаар бичсэн байгаа юм.

Мөн БНХАУ болон ОУХ-д шинжилгээ хийлгүүлсэн гэж мэдээлж, иргэдэд итгэл төрүүлсэн ч хэрэг дээрээ тэдгээр улсуудад очиж, шатахуунд шинжилгээ хийлгүүлээгүй. Иргэдийн итгэл үнэмшлийг төрүүлэх зорилгоор худлаа мэдээлэл өгсөн гэж хуульчийн зүгээс мэдэгдээд байна. Тэгэхээр А.Гантамир хуульчийн хэлж буй нь үнэн бол худал мэдээлэл түгээхийн тулд БНХАУ, ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудын нэр хүндэд халдаж, дүгнэлтийг нь хуурамчаар гаргасан үйлдлийг “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо” гэж байгууллага хийсэн болж таарч байна.

“Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо” нь уг үйлдлийг шатахуун импортлогч, томоохон компанийн заавар, удирдлагаар хийж байсан гэж хуульч мэдээлжээ. Эндээс харахад иргэдийн эрх ашгаар халхавч хийсэн холбооны ард НУУГДСАН импортлогч компани хувийн эрх ашгаа хангаж, өндөр дүнтэй тендэрт ялахын тулд "ХУУРАМЧ ШАТАХУУН" гэх операци явуулсан болж таарч байна.

“Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны зүгээс удаа дараа хэвлэлийн хурал зохион байгуулахдаа, “хуурамч шатахуунаас болж автомашин нь эвдэрсэн тохиолдлын баримтаа ирүүлэхийг уриалж байна” гэж мэдэгдэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд хуурамч шатахуунаас болоод миний машин эвдэрсэн гэж хэлж ярьж яваа хэрэглэгч гарахгүй байгаа юм. Мөн тус холбооны зүгээс “өдөрт 280 гаруй вагон хуурамч шатахууны түүхий эд орж ирж байна”, “ШТС-уудын 30 гаруй хувь нь хуурамч шатахуун худалдаалж байна”,  “Магнай трейд”, “М-Ойл” хуурамч шатахуун зөөдөг” , “Засгийн газраас хуурамч шатахуун үйлдвэрлэлийг зогсоох хүртэл тэмцэнэ”, “Хуурамч шатахууны асуудал хуулийн байгууллагын шатанд очоод гацсан” гэх зэргээр   мэдэгдэж байсан. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн гэх О.Бямбадэлгэр 2018.06.27-нд "Үндэсний мэдээллийн төв"-д хийсэн хэвлэлийн бага хурлаар “400-500 аж ахуйн нэгж хуурамч шатахуун худалдаалж байна. Энэ хэргийг шалгуулах талаар төрийн байгууллагуудаар явж байгаа. Хуурамч шатахууны хэргийг хоёр жилийн өмнө шалгасан. Хоёр жилийн өмнөөс хуурамч шатахуун худалдаалагдаж байгааг төрийн байгууллагууд мэднэ. Бид энэ асуудлыг сонирхож, эрдэмтэдтэйгээ хамтран судалсан. Шинжилгээгээр ч нотоллоо" хэмээж байсан юм.

Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд мэргэжлийн байгууллагууд Монгол Улсаас ХУУРАМЧ ШАТАХУУН илрүүлээгүй байгаа юм.

Албаны хүний байр суурийг хүргэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд “Хуурамч гэгдэх бүтээгдэхүүнүүдийг шинжилж шалгасан. Ямар нэг зөрчил илрээгүй. Лабораторийн шинжилгээг үндэслэхээс өөр арга байхгүй. Хуурамч шатахуун гэдэг нь нэр томьёоны хувьд буруу” хэлсэн байдаг.

Мэргэжлийн байгууллага хэдэнтээ шинжлээд зөрчил илрээгүй байхад “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо” БНХАУ, ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гээчийг ХУУРАМЧ-аар үйлдэн, зориудаар чанарыг нь муутгасан бензинийг шинжилгээнд өгч ХУУРАН МЭХЭЛЖ, цаашлаад нэг компанийг тендерт ялуулахын тулд, бохир аргуудыг хэрэглэсээр байсан нь үнэн бол тун харамсалтай хэрэг юм.

Бид ХУУРАМЧ ШАТАХУУНЫ ХЭРЭГ гээчийг үргэлжлүүлэн сурвалжилж, мэдээллэх болно.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.28.13) 2019 оны 03 сарын 05

Петровисийн 95 бензинийг машиндаа хийсэнээс болж машинаас маань яг цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртэж мотор нь эвдэрсэн. Олон машинууд эвдэрсэнийг сонссон. Машин засварын газрын засварчид бензинээс болоод мотор нь асуудалтай болсон байна гэсэн онош хэлсэн. Тус компанийнБорлуулалтын алба руу нь утасдаж гомдол гаргасан боловч ямар арга хэмжээ аваагүй. Бензиндээ өөр бодис хольдог байх. Бусад компанийн шатахуун авсан чинь зүгээр болсон. Саяхан дахиад Петровисийн бензин авсан.Өглөө машиндаа суухад бензин асгарчихсан юм шиг үнэртсэн. Нэг л биш өөр бензин хольдог эсвэл нэмэлт бодис хийдэг байх.

0  |  0
bid(122.201.21.231) 2019 оны 03 сарын 05

Удаан хадгалаад чанар нь муудчихсан шатахуунаа манайд шахдаг.

0  |  0
2(202.21.106.167) 2019 оны 03 сарын 05

hovdiin neg gishyyn nohor huuramch benzin helsnees bolj hychin hiisen heregt holboloo geed facebook bichsen bhiin ymar uchirtai nohr ve

0  |  0
555(192.82.65.89) 2019 оны 03 сарын 05

ШАТАХУУН ЗАРДАГ КОМПАНИУДАД БИЕЭЭ ҮНЭЛЭГЧ БАЙНА...МАШИН БАРЬДАГ ХҮН БҮР БЕНЗИН ДУТУУ ШАХДАГ УС,КЕРОСИНЫ ХОЛЬЦТОЙ ШАТАХУУН ЗАРДАГ ГЭДГИЙГ МЭДНЭ...ТЕНДЭРТ ЯЛАХЫН ТУЛД БҮХ БЕНЗИН ИМПОРТЛОГЧ НАРЫГ ДАРАМТЛАНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ТЭГЖ ЧАДАХ Ч ҮГҮЙ ШҮҮДЭЭ.

0  |  0
Зочин(37.151.239.170) 2019 оны 03 сарын 05

Бид 4 жилийн омно 12 сарын дундуур Улан-Удэ, Итгэлт хамба чиглэлээр ПАЗ маркийн автобусаар явахад Монголын хил даваад Гусенный озёр хуртэл Монголоос авсан ДТ-ээр явахад хулдэж ухэх шахсан. Гусенный озёроос ДТ аваад цааш явахад дулаахан тухтай явж билээ. Сибирийн ой тайга, цасан дундуур явахад ийм оор бгаа шуу. Манай шатахуун худалдаалдаг компаниуд нотой2.

0  |  0
Top