Банкуудын өрсөлдөөний тоймыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс /ЭЗБӨЧС/ гаргасан байна. 2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаарх банкуудын өрсөлдөөний тоймоос хүргэе. Манай банкны салбарт 2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Монголбанкны тодорхойлсноор банкны системд нөлөө бүхий банкуудад Хаан банк, ХХБ, Голомт банк, Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн 6 банк багтаж буй бөгөөд эдгээр банкууд нь системийн 90- ээс дээш хувийг бүрдүүлж байгаа.
Арилжааны банкны үндсэн үүрэг нь мөнгөн хөрөнгийн илүүдэлтэй байгаа хэсгээс хөрөнгийг татаж, дутагдалтай байгаа хэсэгт шилжүүлэн, харилцагчдын итгэл дээр суурилсан санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа үзүүлэх, харилцагчдын хоорондын төлбөр тооцоог хийж гүйцэтгэх бөгөөд эцсийн зорилго нь санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан ашиг олох байдаг. Арилжааны банкуудын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, өөрчлөлт хөдөлгөөнийг харуулдаг мэдээллийн гол эх сурвалж бол банкуудын санхүүгийн тайлан юм. Банкуудын өрсөлдөөний тоймыг гаргахдаа санхүүгийн хураангуй тайланг ашиглан дараах үзүүлэлтүүдийг харьцуулжээ.
Эдгээр үзүүлэлтээр арилжааны банкуудыг харьцуулахдаа активын хэмжээгээр нь Том-3 банк, Дунд-3 банк, бусад банкууд гэж ангилсан байна. ЭЗБӨЧСТ-ийн энэ удаагийн тайланд Капитал банкны мэдээлэл ороогүй аж. Банкуудын өрсөлдөөний тоймыг Капитал банкнаас бусад 13 банкны улирлын санхүүгийн тайланг ашиглаж тооцсон учир Монголбанкнаас гаргадаг нийт банкны салбарын үзүүлэлтээс ялгаатай гэдгийг анхааруулсан байна.
АКТИВ
13 банкны нийт актив 32.7 их наяд төгрөг байна. Том-3 банк нийт активын 68,7%, Дунд-3 банк 23,5%, жижиг банкууд 7,8%-ийг эзэлж байна. 1 жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад Том-3 банкны актив 15,9%, Дунд-3 банкны актив 12,6%, жижиг банкуудын актив 41,6%-иар тус бүр өсчээ.
ЗЭЭЛ
13 банкны нийт зээл 16,2 их наяд төгрөг байна. Үүнээс 65,1%-г Том-3 банк, 27,4%-г Дунд-3 банк 7,5%-г жижиг банкууд бүрдүүлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Том-3 банк 23,5%-иар, Дунд-3 банк 32,4%-иар, жижиг банкууд 50%-иар тус тус зээлийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Харин нийт дүнгээр авч үзвэл банкуудын зээлийн хэмжээ сүүлийн нэг жилд 27,5% өсчээ.
ХАДГАЛАМЖ БА ХАРИЛЦАХ
13 банкны харилцах ба хадгаламжийн хэмжээ 19,9 их наяд төгрөг байна. Үүнээс 69,3%-г Том-3 банк, 23,8%-г Дунд-3 банк, 6,9%-г жижиг банкууд эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Том-3 банк 28%-иар, Дунд-3 банк 34%-иар, жижиг банкууд 39%-иар тус бүр харилцах ба хадгаламжийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Нийт дүнгээр нь авч үзвэл харилцах болон хадгаламжийн хэмжээ 30,5%-иар өсчээ.
АШИГ
13 арилжааны банкуудын санхүүгийн тайлангийн нийлбэр дүнгээр банкууд нийт 274,9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Том-3 банк ашигаа 43%-иар буюу 87 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 293 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Дунд-3 банкны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45 тэрбум төгрөгөөр буурч 20 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин жижиг банкуудын хувьд 38,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Капитал дампуурсан гэсэн,удахгүй монгол банкаас БЭТ томилогдоно гэнэ шүү.