ТОЙМ| Санхүүгийн салбарын ЭМЗЭГШИЛ сэдэрсэн 7 хоног

2019 оны 03 сарын 10

Энэ долоо хоногт эдийн засгийн салбарт өрнөсөн үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

Асуудал дагасан асуудал...

Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг   түр саатуулсантай зэрэгцэн ХХБ-наас хадгаламжаа татъя гэсэн агуулгатай постууд сошиалаар гарлаа. Нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллага шалгаж буйн цаана улс төр, эдийн засгийн олон асуудал байж болох ч, 90 гаруй хувийг нь банкны сектор дангаараа бүрдүүлдэг санхүүгийн зах зээлд дагаад хямрал нүүрлэх вий гэсэн болгоомжлол эдийн засагчдад байгаа нь ил байлаа. Нэгэнтээ банкны салбарт хэт ноёрхлыг олгочихоод, улмаар хэт хамаарчихсан санхүүгийн орчинтой байгаа ийм нөхцөлд сүүлийн 6 сарын турш банкны системийн нийт активын 5 хувиас дээш хувийг эзэлж байгаа банк асуудалд орно гэдэг анхаарал татсан асуудал мөн.

Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэсэн байр суурийг энэ долоо хоногт илэрхийлсэн. Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш “Худалдаа, хөгжлийн банк нь 8 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, нийт 3.4 их наяд төгрөгийн харилцах, хадгаламжтай, системийн нийт гадаад төлбөр тооцооны дийлэнхи хувийг гүйцэтгэдэг системийн нөлөө бүхий банк. Өнөөдрийн байдлаар Худалдаа, хөгжлийн банкны актив нийт системийн активын 24.3 хувийг эзэлж байна. Тэгэхээр системд хэрхэн нөлөөлөх нь тодорхой юм. Дуулианд автаж, системийн нөлөө бүхий банкнаас харилцагчид их хэмжээгээр мөнгөө татсанаар тухайн банк харилцагчийн мөнгийг анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүй байдалд хүргэнэ. Уг банкны харилцагчдын гүйлгээ хийгдэхгүй учир бусад банкны харилцагчдын орох мөнгөн урсгал тасалдаж, системийн бусад банкиндаа нөлөөлнө. Ингэснээр нийт эдийн засгийн мөнгөн урсгал доголдож, нийгэмд ихээхэн хор уршиг бий болно. Мөнгөний урсгалыг хүний цусны эргэлттэй зүйрлэх юм бол зарим эд эрхтэнд цус хүрэхээ больж, үхжиж эхэлнэ. Тэгэхээр би, манай байгууллага энэ банктай харьцдаггүй учир ямар хамаа байна аа гэж хэрхэвч хандаж болохгүй асуудал юм. Таны ажилладаг байгууллага, таны бизнесийн орох мөнгөн урсгалыг бий болгодог харилцагчдын төлбөр тооцоо системийн нөлөө бүхий тус банкаар хийгдэж байгаа шүү дээ. Иймд бусдыг банкнаас мөнгөө татахыг уриалах, дуулианд автаж мөнгөө татах нь нийгэмд асар их хор уршиг авч ирдэг” гэв.

Тусгай сангуудын МӨРӨӨР...

Засгийн газрын ТУСГАЙ сангуудтай холбоотой цуврал энэ долоо хоногт  үргэлжилсэн. Ил тод болсон нь л ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болохоос улстөрчдийн хуруу гараа дүрдэг сангууд ТУСГАЙ гэх нэршилтэйгээр олон жил оршин тогтносон тухай ТАВАН сарын турш ярьсан билээ. Харин Сангийн яамнаас сангуудад шалгалт хийсэн  дүн тодорхой болж, сангуудын талаар авах арга хэмжээний тухай тогтоол батлагдаад байна. Тогтоолоор долоон санг татан буулгахаар шийдвэрлэсний сацуу  зээл, санхүүгийн дэмжлэг, татаас олгодог Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэх шийдвэр гарсан нь шүүмж дагуулж буй. Хэрэгцээ шаардлагатай сангуудыг татан буулгачихаад эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий компаниудын данс руу тэрбум тэрбумаар нь санхүүжилт өгдөг гурван санг нийлүүлж, хяналтгүй сангийн багтаамжийг улам том болголоо гэж хэлэгсэд бий. Ер нь  тусгай сангуудын цаашдын үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих вэ? Хэрхэн яаж улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүдийн угж болгохгүй байх вэ? гэдэг асуулт хариулт, шийдэл нэхсэн хэвээрээ байна. Тусгай сангуудад реформын шинжтэй ХЯНАЛТ хэрэгтэйг сангуудад хийсэн шалгалтын тайлангаас харж болно. Энэ долоо хоногт хөндсөн  ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН САН-гийн мэдээллээс цухас дурдахад тус санд 2012-2017 он, 2018 оны эхний 10 сарын байдлаар нийт 564.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцож, гүйцэтгэлээр 551.2 тэрбум төгрөгийн орлогыг Улс, орон нутгийн төсөв болон үндсэн үйл ажиллагааны орлого, бусад эх үүсвэрээс төвлөрүүлжээ.

Уг сантай холбогдох олон асуудал байгаа юм. Тухайлбал,  Капитал банкинд байршуулсан 7  тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хугацаанд нь буцаан төвлөрүүлээгүй, хугацаа хэтрүүлсний алданги тооцож төлүүлээгүй гэх асуудал байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн хүү банкны зээлийн хүүгээс ихээхэн доогуур байгаа тул арилжааны банкууд зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар банкиндаа байршуулж, банкны бусад үйл ажиллагаанд ашиглан, ашиг олж байна.  Капитал банкинд шилжүүлсэн 7 тэрбум төгрөгөөс уг гэрээний 3.15-д заасны дагуу 6 сарын дотор эх үүсвэрийг бүрэн зээл хэлбэрээр олгохыг заасан байтал гэрээний заасан хугацаанд 4.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй буюу зээлийн эх үүсвэрээс 31.8 хувь нь олгогдсон байна. Зээл хэлбэрээр олгогдоогүй хөрөнгийн эх үүсвэр нь 2,389 хүнийг ажлын тоног төхөөрөмж, хэрэгсэлтэй болгох, 954 өрхийг малжуулах боломж байсныг алджээ.

Хөдөлмөрийн сайд болон Капитал банк хооронд 2015 оны есдүгээр сарын 23-ны өдөр 2015/65 5/342 дугаартай гэрээ байгуулж, жижиг зээл олгоход зориулж 7 тэрбум төгрөгийн эх үүсвэр банкинд байршуулсан байна. Гэрээний хугацаа 2018 оны гуравдугаар сарын 23-нд дуусч, эх үүсвэрийг буцаан төвлөрүүлэх ёстой байсан  ч одоог хүртэл төвлөрүүлээгүй байна.

Шалгалт хийсэн Сангийн яамны зүгээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан илэрсэн зөрчил дутагдлаа засах ёстой гэсэн чиглэлийг өгөөд байна. Байгууллагын үйл ажиллагаа, халамж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өмнөх онуудад хийсэн шалгалтаар нийт 24,9 тэрбум төгрөгийн төлбөр зөрчил илэрснээс 1,093.0 сая төгрөгийн зөрчилд улсын /ахлах/ байцаагчийн 132 акт, 23,843.3 сая төгрөгийн зөрчилд хугацаатай 47 албан шаардлага өгсөнд дүгнэлт хийж системийн хэмжээнд гарсан алдаа, зөрчил дутагдлыг засч  залруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж тайланд дурджээ.

 Банкуудыг ЭРЭМБЭЛЭВ

Банкуудын өрсөлдөөний тоймыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс /ЭЗБӨЧС/  гаргалаа. Манай банкны салбарт  2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Монголбанкны тодорхойлсноор банкны системд нөлөө бүхий банкуудад Хаан банк, ХХБ, Голомт банк, Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн 6 банк багтаж буй бөгөөд эдгээр банкууд нь системийн 90- ээс дээш хувийг бүрдүүлж байгаа. Банкуудын өрсөлдөөний тоймыг гаргахдаа санхүүгийн хураангуй тайланг ашиглан Актив, Зээл, Харилцах, хадгаламж, Ашиг гэсэн үзүүлэлтүүдийг харьцуулжээ. Эдгээр үзүүлэлтээр арилжааны банкуудыг харьцуулахдаа активын хэмжээгээр нь Том-3 банк, Дунд-3 банк, бусад банкууд гэж ангилсан байна. ЭЗБӨЧСТ-ийн энэ удаагийн тайланд Капитал банкны мэдээлэл ороогүй аж. Банкуудын өрсөлдөөний тоймыг Капитал банкнаас бусад 13 банкны улирлын санхүүгийн тайланг ашиглаж тооцсон учир Монголбанкнаас гаргадаг нийт банкны салбарын үзүүлэлтээс ялгаатай гэдгийг анхааруулсан байна.

Алт худалдан авалт эрс БУУРЛАА

Монголбанкны Эрдэнэсийн сан энэ оны хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байснаас 354.5 кг дутуу буюу 81 хувиар буурсан үзүүлэлт юм.  Гадаад валютын нөөцийг өсгөхөд чухал нөлөөтэй алтны худалдан авалт буурч буй нь таагүй мэдээ. Гэвч хууль тогтоох дээд байгууллагаас гарах шийдвэртэй холбоотойгоор ийм асуудал үүсээд буйг албаныхан хэлж байна.

2014 оны  нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч буй юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.48) 2019 оны 03 сарын 10

бакудын хамгын их сахих хууль арилжааны бакнуудын хуулийн хүрээнд ажиллах гол үүрэг байдаг хууль дүрмээ барьж ажиллахгүй байж харилцагчидаасаа бурууг эрэх хэрэг байхгүй харилцагч банк хоёрын итгэлцэл дээр сайн банк байх итгэл алдаж дампуурах нь өөрсдийх нь хууль бус үйлдэлээс хамаарна харилцагчидын буруу гэж байхгүй банкууд харилцагчиддаа тун дээрэлхүү ханддаг ялангуяа зээл хүссэн үед гэрээн дээр илт хүү тооцох зээлийн мөнгө ажиллаж ашиг өгөхөөс өмнө бүх сарын хүүг өгөнгүүтээ авдаг энэ бол мөлжиж дээрэлхэж байгаа хэрэг энэ манай банкны түгээмэл алдаа гоншгонох хр байхгү

0  |  0
Top