Цаг дулаарч, алтны салбарын идэвхжил нэмэгдэж буй энэ үед Төв банкны алт худалдан авалт эрс буурсныг өмнө нь мэдээлсэн. Хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь, өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байснаас 81 хувиар буурсан үзүүлэлт байгаа юм. Уг шалтгаан нь роялти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /АМНАТ/ хувь хэмжээ 5-10 хувиар ногдуулж буйтай холбоотойг албаныхан хэлж байгаа. 2014 оны дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд АМНАТ-ын хэмжээ 2.5 хувь байсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байгаа нь Төв банкны хүлээлтээс зөрсөн үзүүлэлтийг дагуулж байна. Гэхдээ энэ сарын 18-наас эхлэх Ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд буй нь, АМНАТ-ын хувь хэмжээг нэг тийш шийдвэрлэх нь гэсэн хүлээлтийг салбарынханд үүсгээд байна.
Дашрамд өгүүлэхэд, алт худалдан авалтаа нэмэгдүүлэхэд дэлхийн төв банкууд анхаарч буй. 2018 онд 651.5 тонн алт худалдаж авсан төв банкууд 2019 онд энэ хэмжээг давуулах төсөөлөлтэй байгаа. Манай төв банк ч, гадаад валютын нөөцөө өсгөх зорилтын хүрээнд алтны худалдан авалтаа өсгөх төлөвлөгөөтэй. Харин алтнаас авах АМНАТ-ын хэмжээнээс дараа дараагийн үзүүлэлт хамаарч таарах нь.
Ер нь роялтигаас олох орлогын хэмжээг нарийвчлан тооцож харьцуулан, үнэлгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй хандах нь чухал гэдгийг эдийн засагчид хэлдэг. Роялтиг хэт бага эсвэл хэт өндөр тогтоох нь аль аль нь сөрөг тал дагуулдаг. Мэргэжилтнүүд хэлэхдээ “АМНАТ тооцох үнэлгээг тодорхойлж байгаа өнөөгийн аргачлал, практикаа дахин нягтлах, шинэ хуулиар төлбөр ногдуулах үнэлгээг тогтоохдоо судалгаа тооцоотой хандах. Борлуулалтын үнэлгээ борлуулалтын орлого хоёрын хооронд хоёр дахин зөрүү байгаа тул нэг талаас ААН-үүдийн борлуулж буй үнэ хэр бодитойд судалгаа хийх, нөгөө талаас борлуулалтын үнэлгээ тооцож буй аргачлал түүний суурь болгож авч байгаа жишиг үнийг бодит байдал руу ойртуулах арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг. Мөн худалдан авалтын үнэ болон борлуулалтын үнийн зөрүүнээс АМНАТ авах нь зүйтэй.” гэсэн зөвлөмж ч бий.
Тэгвэл Роялти буюу АМНАТ-тай холбоотой гадны улс орнуудын тоо жишээг авч үзье.
Чилийн жишээ
Манай уул уурхайн салбар Чилийн туршлагыг хөрсөн дээрээ буулгахад гэмгүй гэдэг. Тэгвэл тус улсад уул уурхайн бүтээгдэхүүн ашиглах эрх бүхий хувь хүн, хуулийн этгээд бүх төрлийн, бүтээгдэхүүний эхний шатны борлуулалтадаа “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ийг төлдөг. Хэрэв компани уул уурхайн бүтээгдэхүүн бусдаас худалдан авч, борлуулах тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдохгүй. Жилдээ 12 000 тонноос бага хэмжээний цэвэр зэсийн борлуулалт энэ төлбөрөөс чөлөөлөгдөх ба 12000-50000 хүртэлх тонн цэвэр зэсийн борлуулалтын үнэлгээнд бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамааран 0.5%-4.5%, 50000 ба түүнээс дээш тонн цэвэр зэсийн борлуулалтанд үйл ажиллагааны ахиуц ашгаас хамааран 5% - 14% -ын татвар ногдоно. Ахиу ашиг нь 35% ба түүнээс бага бол 5 хувь, 85% ба түүнээс дээш бол 14 хувь байх ба ахиу ашгийн хувиас хамруулан төлбөрийг хэдэн хувиар ногдуулахыг тодорхойлсон хүснэгт байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тодорхойлогдсон татвар ногдуулах орлогод тохируулга хийх замаар уул уурхайн үйл ажиллагааны орлого буюу ашигт малмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах орлогыг тодорхойлдог. Уул уурхайн үйл ажиллагааны орлого буюу ашигт малмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах орлогын дүнг, тухайн компанийн борлуулсан цэвэр зэсийн үнийг дэлхийн зах зээлийн үнээр үржүүлсэн нийт орлогын дүнд харьцуулж энд дурдсан ахиуц ашгийн хэмжээг тодорхойлдог юм байна.
Хойд хөршид...
Оросын Холбооны Улсын тухайд газрын тосноос бусад уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа олон улсын зах зээлийн үнийг баримтлах талаар тухайлан заасан хуулийн зохицуулалт байхгүй. Борлуулалтын буюу гэрээний үнэнээс улсаас олгосон татаас, НӨАТ, тээврийн болон даатгалын зардал зэргийг хассан дүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулдаг аж. Төлбөрийн хэмжээ үнэлгээний 0-8 хувь, нүүрс, антрацит, нефтийн бүтээгдэхүүний нэгжид 11-700 рубль байдаг юм байна.
Өмнөд хөрш
Хятад улсад газрын тос болон газанд 5-10 хувиар, бусад ашигт малтмалуудад 0.3-60 юанаар тооцож төлбөр ногдуулдаг. Энэ нь тус улс эцсийн бүтээгдэхүүн болгодог өөрийн боловсруулах үйлдвэртэй байдагтай холбоотой аж. Харин давсанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа түүний төрөл, хэмжээ, олборлож буй аргаас хамааруулан өөр өөр аргачлалаар төлбөр ногдуулдаг онцлогтой юм байна.
Австралид...
Австралид Mineral resource rent tax буюу ашигт малтмалын нөөцийн түрээсийн татвар авдаг. Энэ татварыг тус улсад үйл ажиллагаа явуулж буй төмрийн хүдэр, нүүрсний үйлдвэрүүд төлдөг аж. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг муж улс бүр өөрийн хуулиар тусгайлан тогтоодог байна. Тус улсын Нью соут уэлс муж улсад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг уурхайн гаднах ex mine үнэлгээнд ногдуулах бөгөөд энэ үнэлгээг тодорхойлохдоо борлуулсан баяжмалын дэлхийн зах зээлийн үнээр тооцсон борлуулалтын орлогын дүнгээс уурхай дээрх баяжуулалтын зардал, борлуулалтын зардал, уурхай дээрх удирдлагын зардал, элэгдлийн зардлыг хасч тодорхойлох ба ийнхүү тодорхойлогдсон дүнгийн 4 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулдаг юм байна. Уурхай дээрх баяжуулалтын шууд зардалд бутлах тээрэмдэх зардал, концентрацжуулах болон цэвэршүүлэх зардал, шинжилгээний зардал, борлуулалтын зардалд борлуулалтын цэг хүртэлх тээврийн зардал, CIF нөхцөлтэй борлуулалтын хувьд гадаад борлуулалтын тээврийн зардал, агентын шимтгэл багтдаг бөгөөд зөвхөн уурхай дээр гарсан удирдлагын нийт зардлын 33.33 хувийг уурхай дээрх удирдлагын зардал гэж үздэг аж.
Сэтгэгдэл ( 0 )